Уг зөвлөгөөнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн 250 гаруй мал эмнэлгийн газар, тасгийн удирдлага, эмч нар оролцож байгаа бөгөөд “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилт” болон “Монгол улс дахь мал, амьтны эрүүл мэндийн нөхцөл байдал, Мал эмнэлгийн ерөнхий газрын хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого чиглэл” гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд хэлэлцэж байна.
Малын гоц халдварт өвчинд сонгомол вакцин, судалгаа шинжилгээний ажлыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс шинжлэх ухааны судалгаа, төсөл хэрэгжүүлэх тал дээр аймгийн Засаг даргын зүгээс 100% дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2022 оны төсөвт мал эмнэлгийн салбарын үйл ажиллагааг дэмжих, малын эмч, мэргэжилтнүүдийн нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд 134,0 сая төгрөгийг батлуулсан.
Цаашлаад малын эмч нарын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг бодлогоор дэмжин, орон нутгийн төсөвт санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэн дэмжиж ажиллана гэдгийг зөвлөгөөний үеэр онцоллоо.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас малын хөлийн татварын 30-аас доошгүй хувийг мал эрүүлжүүлэх, бэлэн байдлыг хангах, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулах, аймаг, орон нутгийн зүгээс салбарын боловсон хүчний хүрэлцээг нэмэгдүүлэх, тус мэргэжлээр ажиллах сонирхолтой залуучуудыг бодлогоор дэмжиж хүний нөөцийг бүрдүүлэх зорилготой “Нутгийн-Ирээдүй” төслийн хүрээнд Гурванзагал, Матад сумдаас тус тус 2 оюутан бэлтгэн сумдын Мал эмнэлгийн улсын байцаагч, тархвар зүйч мэргэжилтнээр ажиллаж байна.
Тус зөвөлгөөнд малын нэмэлт тэжээл, малын витамин, тариа зэрэг бүтээгдэхүүний үзэсгэлэнг дэлгэжээ.