Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Бүгд найрамдах Чечень улсын Грозный хотод болсон Дуурийн дуулаачдын олон Улсын “Орфей” уралдаанд амжилттай оролцож Чечень улсын Соёлын сайдын нэрэмжит шагнал-Гранпри хүртсэн дуучин Л.Түвшинсайханыг хүлээн авч уулзаж баяр хүргэн, цаашдынх нь уран бүтээлд амжилт хүслээ.
ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан "Орфей" олон улсын нэр хүндтэй уралдаан Аднан Шахбулатовын нэрэмжит Бүгд Найрамдах Чечень Улсын Филармоний тайзнаа болж өнгөрсөн.
Уг уралдаанд дуучин Л.Түвшинсайхан Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Чингис хаан одонт Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, Урлагийн гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын шүлэг “Монголын тал нутаг” дуу, Роберт Рождественскийн үг дээр Муслим Магомаевын ая бичин тэртээх 1975 онд дуулсан «Торжественная» дууг дуулсан юм. Шүүгчдийн саналаар тэрбээр Бүгд Найрамдах Чечень улсын Соёлын сайд Айшат Кадыровагийн нэрэмжит шагналын эзнээр тодорч Соёлын дэд сайдаас Гран при цомыг гардан авсан.