Өнгөрөгч оны 12 дугаар сард Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны бодлогын баримт бичгийг танилцуулсан.
Дээрх бодлогын баримт бичгийн тэргүүлэх чиглэл болох “Боомтын сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлснээр хил залгаа хөрш орнуудтай харилцаа холбоогоо өргөжүүлж, эдийн засгаа тэлэх боломжтой юм.
Дорнод аймаг дахь Хилийн боомтын захиргааны боомт хариуцсан төлөөлөгчид “Боомтын сэргэлт” цахим уулзалт зохион байгуулсан бөгөөд уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Хилийн боомтын захиргааны дарга Ш.Лхачинжав болон холбогдох байгууллагын төлөөллүүд оролцов.
Цахим уулзалтаар Баянхошуу, Сүмбэр, Хавирга, Ульхан, Эрээнцав боомтуудын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан юм.
Мөн боомтын сэргэлтийн хүрээнд хийгдэх төлөвлөлтийн танилцуулга, Дорнод аймгийн хилийн боомтын захиргааны албан тушаалтнуудын төв болон хилийн боомтуудад ажиллах нөхцлийг сайжруулах тухай, боомтын сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нягт хамтран ажиллах талаар хэлэлцлээ.