Өвөлжилт хүндэрсэн зарим сумын малчдад туслах ажлыг зохион байгуулна

1 жил
Өвөлжилт хүндэрсэн зарим сумын малчдад туслах ажлыг зохион байгуулна
2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ны өдрийн хугацаанд орсон цасны улмаас Баянтүмэн, Сэргэлэн, Булган, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумдын нутаг цагаанаар зудархуу, Баянтүмэн сумын хойд хэсэг, Сэргэлэн сумын өмнө, зүүн хэсгээр цагаан зуд буюу цасны зузаан хээрийн бүсэд 22см-ээс дээш хүрч, цаашид цас нэмж орвол цасан бүрхүүл нэмэгдэн, малчид цасанд боогдох, өвөлжилт хүндрэх нөхцөл байдал үүсээд байна.
 
Иймд аймгийн Онцгой комиссын өнөөдрийн /2023.01.02/ 2023 оны 01 дүгээр хуралдаан зохион байгуулагдаж, аймгийн Онцгой комиссын дарга, Засаг дарга М.Бадамсүрэнгээс Баянтүмэн, Сэргэлэн, Булган, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумдын Засаг дарга нарт дараах чиглэлийг өглөө.
 
1. Өвөлжилт хүндэрсэн багуудад ажлын хэсэг гарган, газар дээр нь ажиллах.
 
2. Цас их орсны улмаас нүүх хүсэлт гаргасан малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүн хүч зэрэг бүх талын тусламж, дэмжлэг үзүүлэх,
 
3. Малчдын отор нүүдэл хийх чиглэлийн дагуух болон хүнс, түлшээ татах замын дагуух цас их орж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон газруудад зам нээх ажлыг зохион байгуулах,
 
3. Сумын аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг холбогдох олгох ажлыг зохион байгуулах.
 
4. Зудад нэрвэгдсэн малчдыг холбогдох хууль тогтоомжийн дагуу Тосон хулстайд оторлуулахыг зөвшөөрөх зэрэг үүрэг чиглэлийг өглөө.
 
✔️Аймгийн Онцгой комиссын шийдвэр:
 
1. Цас их орсны улмаас нүүх хүсэлт гаргасан малчдад бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах.
 
2. Дээрх багийн малчдын нүүх чиглэлийн дагуухь болон хүнс, өвс тэжээл, түлшээ татах нөхцөлийг хангах зорилгоор цас их орсон газруудад зам гаргах болон малчин өрхүүдийг нүүлгэхэд туслах ажлыг сумын Засаг дарга нараас Авто тээврийн төв, Цэргийн анги, Зам арчлалтын компаниудтай хамтран зохион байгуулах, шаардлагатай дэмжлэгийг аймгийн Онцгой комисс, аймгийн Засаг даргаас үзүүлэх.
 
3. Аймгийн аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг дээрх сумдын малчдад хуваарилах ажлыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас хариуцан эхлүүлэх.
 
4. Аймгийн Онцгой комиссын гишүүд болон Онцгой байдлын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Ус,цаг уур, орчны шинжилгээний төв, Зэвсэгт хүчний 327-р анги зэрэг мэргэжлийн байгууллагуудын бүрэлдэхүүнтэй 2 ажлыг хэсэг гарган, дээрх сумдад ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, дүгнэлт гаргаж, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллах.