ОХУ-Монгол улсын цэргийн хамтарсан “Сэлэнгэ-2019” байлдааны буудлагатай хээрийн сургуулилт Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хээрийн сургуулилтын талбайд өнөөдөр боллоо. Энэ жилийн сургуулилтыг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан хийж байгаагаараа онцлог бөгөөд 5 жилийн өмнө Халхын голын Ялалтын 75 жилийн ойгоор Чойбалсан хотод зохион байгуулагдаж байсан юм. Хээрийн сургуулилтыг Чойбалсан хотын иргэд болон гадаад дотоодын зочид төлөөлөгчид ирж үзлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Ө.Эрдэнэ-Очир, аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, ахмад дайчин Я.Өсөх, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч Монгол улсын талын сургуулийн удирдагч бригадын генерал Б.Амгаланбаатар, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, ОХУ-ын талын сургуулийн удирдагч дэслэгч генерал Нусулев Михайл Яковлевич, болон холбогдох албаны удирдлагууд оролцлоо.
Мөн ОХУ-Монголын цэргийн хамтарсан хээрийн сургуулилтад оролцсон зэвсэг техникийн парад болсон бөгөөд хоёр талаас 1500 гаруй цэргийн алба хаагч болон 400 гаруй цэргийн техник хэрэгсэл оролцож байгаа юм.