Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан аймгийн Цаг уур, Хөдөө аж ахуйн газар, ЗХ-ний 327 дугаар ангийн төлөөлөл бүхий нэгдүгээр ажлын хэсэг Баянтүмэн, Цагаан-Овоо, Сэргэлэн сум, аймгийн ОБГ-ын Гамшгаас хамгаалах Улсын байцаагчаар ахлуулсан хоёрдугаар ажлын хэсэг Булган, Хөлөнбуйр сумдын нутагт өвөлжилт хүндэрсэн багуудад ажиллаж байна.
Тус ажлын хэсгүүд нь сум, багийн удирдлагын хамт газар дээр нь ажиллан, зуд болон зудархуу болсон газруудаас өөр байршил руу отор нүүдэл хийх, мөн хүндэрсэн газар луу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэх, иргэд малчид хүнс, түлш, өвс тэжээлээ татах замын цасыг цэвэрлэж зорчих хэсгийг чөлөөлөх ажлыг судалж, замын чиглэл, холбогдох зардлыг тооцоолохоос гадна өвс, тэжээлийн тусламжийг хэрхэн олгох зэрэг зохион байгуулалтын ажлуудыг гүйцэтгэж байна.
Тухайлбал Булган сумын 1, 4 дүгээр багийн цасны зузаан 11см, цасны нягт 18-23 гр/см3 байгаа ба сумын төвөөс 8 км-ийн радиуст цасан бүрхүүл зузаан тогтож, цагаанаар зудархуу байгаа аж. Тиймээс сумын төвийн 27 малчин өрхийн 2103 толгой мал, бэлчих бэлчээргүй цасанд боогдож, малчид өвс тэжээлийн нөөцгүй болж байгаа учир сумын аюулгүйн нөөцөөс өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг Булган сумын Засаг дарга Т.Гантулга газар дээр нь шийдэн ажиллалаа.
Мөн ажлын хэсэг Булган сумын 4 дүгээр багийн 28 өрхийн 21,722 малын өвөлжилттэй танилцан, зарим малчин өрх цасны зузаанаас шалтгаалан нүүх хүсэлтэй байгааг шийдвэрлэлээ.