Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, дунд хугацааны хөгжлийн Шинэ сэргэлтийн бодлого, Улсын Их Хурал, Засгийн газрын болон аймгийн Хурлын бодлого шийдвэр, орон нутгийн хөгжилд үр ашгаа өгөх томоохон төслүүдийг хариуцлагатай, үр дүнтэйгээр хэрэгжүүлэхэд дэмжиж ажилласныг үнэлж, Дорнод аймгийг Монгол Улсын Засгийн газрын Өргөмжлөл, 200 сая төгрөгөөр Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шагналаа.
Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өөрийн цахим хуудаснаа энэхүү амжилтыг бүтээлцсэн нийт иргэд, баялаг бүтээж бизнес эрхлэн татвар хураамж төлж буй иргэд, хөдөлмөрчид, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид, иргэний нийгмийн байгууллагууд, төрийн албан хаагчиддаа халуун баяр хүргэж, талархлаа илэрхийллээ.
Мөн“Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын санал хүсэлт, зөвлөмжийг тогтмол сонсож, тулгамдсан асуудлуудыг нь шат шатандаа түргэн шуурхай шийдвэрлэн, иргэдээ хүндэтгэн, өндөр ёс зүйтэйгээр манлайлан ажиллахыг нийт төрийн байгууллага, төрийн албан хаагчид Та бүхнээсээ хүсье.
Бидэнд нийтийн эрх ашгийн төлөө хийж хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгаа ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг дэмжих, ус, дулаан, бохир, цахилгаан эрчим хүчний хангамж, шугам сүлжээ, зам харилцааг шинэчлэх, өргөтгөх, хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг тулгамдсан олон асуудлууд байгааг ухамсарлан ойлгож байгаа бөгөөд Засгийн газрын болон Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн дэмжлэг, Улсын болон Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аль болох шуурхай хэрэгжүүлэхийн төлөө хичээх болно.
Цаашид хүний хөгжил, эдийн засгийн хөгжлөө эрчимжүүлэхийн төлөө хийж хэрэгжүүлэх олон ажлууд бидэнд байна” гэв.