Халхын голын дайны 80 жилийн ойг Чойбалсан хотод тэмдэглэн өнгөрүүлж байна

5 жил
Халхын голын дайны 80 жилийн ойг Чойбалсан хотод тэмдэглэн өнгөрүүлж байна

Дорнод аймаг Чойбалсан хотод Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр Халхын голын дайнд оролцсон Монгол дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Цэцэг өргөх хүндэтгэлийн үйл ажиллагааны дараа Монгол улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдоржид, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч Монгол улсын талын сургуулийн удирдагч бригадын генерал Б.Амгаланбаатар илтгэл өгч ёслолын жагсаалыг эхлүүллээ.

Монгол улс, ОХУ-ын хамтарсан цэрэг дайчдын жагсаалын дараагаар Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө Халхын голын дайнд баатарлагаар амь үрэгдсэн ахмад дайчдын үр хүүхэд, төрөл төрөгсдийн жагсаал, “Спасибо Россия” хэмээх талархлын уриатай Дорнод аймгийн Залуучуудын жагсаал, зүүн бүсийн цэрэгжилт спортын “Дөл” тоглолтын шилдэг оролцогчид “Өсвөрийн эх орончид”, ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Чита хотын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төлөөлөл, “Өсвөрийн арми” бүлгийн сурагчдын жагсаал, “Дайчин алдрын замаар” аялалд оролцсон дугуйчдын жагсаал, Төв аймгийн Мөнгөнморьт сумаас оролцож буй морьтон хүүхдүүдийн жагсаал, Халхын голын дайнд оролцож байсан авто машин техник хэрэгслийг сэргээн засварлах уралдааны 1-3 дугаар байр эзэлсэн авто машин сонирхогчдын авто машины жагсаалаар үргэлжилсэн юм.

Хүндэтгэлийн жагсаалын дараагаар Монгол улсын цэргийн дуу бүжгийн чуулга, Оросын Холбооны улсын Өвөрбайгалийн хязгаарын Чита хотын Цэргийн дуу бүжгийн чуулга, Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хамтарсан урлагийн тоглолтоор ирсэн зочиддоо мэндчилгээ дэвшүүллээ.