Халхын голын 80 жилийн ойд зориулан Дорнод аймгийн Чойбалсан хотын Монгол дайчдын хөшөөний эсрэг талын индэрт шигтгэмэл ""Мозайк" цуврал зургийн цогцолборыг Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын санаачилга дэмжлэгээр Халхын голын 80 жилийн ойг зохион байгуулах хороо хамтран бүтээсэн юм. Тус үйл ажиллагааг нээж МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга МУГЖ Г.Эрдэнэбат, Халхын голын дайны түүхт 80 жилийн ойг зохион байгуулах Дорнод аймгийн комиссын дарга Ш.Ёл нар тууз хайчиллаа.
Тус бүтээл нь Халхын голын байлдааны Ялалтын сэдэвт шинэ зууны анхны монументаль зураг юм. Уг бүтээлийг зураач Д.Будбаярын загвараар Залуу уран бүтээлчдийн нэгдлийн уран бүтээлчид хийжээ.
Анх 1971 онд Зайсан толгойн оройд Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолборыг босгож дотор талын дугараг ханан дээр нь Зөвлөлт-Монголын дайчдын дурсгалд зориулсан өнгөт чулуун шигтгэмэл зураг бүтээж байжээ. Мөн 1989 онд Чойбалсан хотод Монгол дайчдын дурсгалд зориулсан хөшөө босгож хөшөөний ард талд нь нум хэлбэртэй ханан дээр дайны жилүүдийн үйл явдлыг харуулсан шилэн шигтгэмэл понарам зургийн цогцолбор бүтээсэн байдаг. Харин 80 жилийн дараа энэ дэлгэмэл понарам зургийн цогцолборын эсрэг талд түүхэн ялалтыг хүндэтгэн мөнхөлсөн агуулгатай шинэ шигтгэмэл зургийн цогцолбор босгож байна.
Цуврал бүтээлийн эхний хэсэгт: 1939 оны дайны байдлыг дүрсэлсэн бөгөөд Тэнгэрт хэдэн зуун онгоцнууд тулалдаж, газарт Орос-Монгол цэрэг эрсүүд эх орны газар шороог халуун амиараа хамгаалж, цэл залуу насаа өгсөн тэр л халуун өдрүүдийн шийдвэрлэх тулалдааны өрнөлийг дүрсэлсэн байна.
Дараагийн хэсэгт: Энх цагийн амьдралыг дүрсэлсэн байна. Ялалтын дараа цэрэг эрсүүд саарал шинээлээ тайлж, эх орны бүтээн байгуулалтад шамдан орцгоосон юм. Энх цагийн хөгжил дэвшлийг бүтээхэд Зөвлөлтийн нөхөд мөн харамгүй сэтгэлээр тусалж, бидний энх тунх амьдралыг бүтээлцэж өгснийг дараагийн хэсэгт тусгажээ.