Өнөөдөр /2023.02.08/ аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, Чойбалсан цэргийн хүрээний удирдлагууд БНМАУ-ын Баатар, Маршал Хорлоогийн Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.
Монгол Төрийн нэрт зүтгэлтэн, Маршал, Улсын хошой баатар Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 128 жилийн ой тохиож байна.
Тэрбээр 1895 оны 2-р сарын 8-нд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сумын малчин эмэгтэй Хорлоогийн 3 дугаар хүү болон төрсөн билээ.
Монгол Төрийн нэрт зүтгэлтэн, Маршал, Улсын хошой баатар Хорлоогийн Чойбалсан нь Автономит Монголын анхны сургуульд орж суралцан боловсролынхоо гарааг эхлүүлж байсан.
Түүнчлэн 1918 онд Нийслэл хүрээнд байгуулсан Консулын дэнжийн нууц бүлгэмийн гишүүн, 1920 онд Зөвлөлт Орос улс, Коминтернтой холбоо тогтоох бүлэгт орж, улмаар Ардын нам байгуулахад оролцсон ардын хувьсгалын анхны долоогийн нэг болсон юм.
1921-1928 онд Бүх цэргийн дэд жанжин, Цэргийн зөвлөлийн гишүүн, Бүх цэргийн жанжин, 1928-1930 онд Гадаад явдлын яамны сайд, 1931-1935 онд Мал тариалангийн яамны сайд, 1935 оноос Ардын Сайд Нарын Зөвлөлийн орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, Дотоод явдлын яамны сайд, Гадаад явдлын яамны сайдаар ажиллаж байсан.
Хорлоогийн Чойбалсан нь БНМАУ-ын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бэхжүүлж Монгол улсын тусгаар тогтнолыг хамгаалахын төлөө тууштай тэмцсэн, төрийн гарамгай зүтгэлтэн билээ.