Зүүн бүс нутгийн эрдмийн их уурхай - Дорнод их сургууль 28 жилийн түүхэндээ амжилтаа бататган Боловсролын магадлан итгэмжлэх Үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 05 тоот тогтоолоор 5 жилийн хугацаатай 3 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн амжилтаар шинэ хичээлийн жилээ угтаж байна. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцож, оюутан залууст амжилт хүсч үг хэллээ.
Тус сургууль энэ хичээлийн жилд “Хууль эрх зүйн орчинг сайжруулж, багшийн хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд зорилтуудаа дэвшүүлэн, “Бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг манлайлагч, шилдэг судлаач, бүтээгчдийг төрүүлнэ” гэсэн эрхэм зорилго, “Зүүн хойт Азийн нээлттэй их сургууль болох” алсын хараандаа хүрэх хөгжлийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн ажиллаж байна.
Мөн Ашигт малтмал газрын тосны газар, Дорнод аймгийн засаг дарга, Петрочайна Дачин тамсаг ХХК хооронд байгуулсан 3 талт хэлэлцээрт орон нутгийн хүүхдүүдийг сургахаар болсны дагуу 2019-2020 оны хичээлийн жилд Газрын тосны хөтөлбөрийн 3,4-р дамжааны сурлагын амжилтаараа манлайлан суралцсан 6 оюутанд 100 хувийн тэтгэлгээр суралцах эрхийн бичгийг гардууллаа.
Мөн энэхүү гэрээ хэлэлцээрийн дагуу газрын тосны инженерийн хөтөлбөрийн анхны 17 төгсөгчөөс 10 оюутныг Петрочайна дачин тамсаг ХХК ажлын байраар хангах болсон зэрэг гадаад хамтын ажиллагаанд ахиц гарсан жил болсныг сургуулийн захирал Э.Ундармаа онцлон тэмдэглэлээ.