Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан 1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, дайны дараах хор уршгийг арилгахад 10 гаруй жил дивиз хорооны эмнэлэгт эмч, сувилагчаар ажиллаж байсан, мөн түүнчилэн аймгийн төв больницдоо цэргийн 7-р тасгийг тусгайлан нээж шархадсан цэрэг дайчдыг эмчлэх, сувилах, асрах зэргээр мэргэжлийн тусламж үйлчилгээг чадварлагаар үзүүлж байсан ахмад үеийн эмч, сувилагчдын гавьяат үйлсийг төр засгаас өндрөөр үнэлж, тэднийхээ дайчин уламжлалыг өндөрт өргөн яваа Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хамт олныг Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны одон”-оор шагналаа.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга, аймгийн Батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Байгалмаа, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун нар оролцлоо.
Бүс нутгийн хүн амд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг улам сайжруулж, ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.