Хүндэт ахмад дайчид аа
Халхын голын баатруудын үр хүүхдүүд, ач зээ, төрөл төрөгсөд өө
Оросын Холбооны Улсаас хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчид өө
Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Халхгол сумын минь ард иргэд ээ
Эрхэм генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчид болон чөлөөнд байгаа, бэлтгэл офицер, ахлагчид аа
Ойн баярт хүрэлцэн ирсэн эрхэмсэг зочид төлөөлөгчид өө
Та бүхэндээ Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн баярын мэндчилгээг түүхт ялалтын өлгий нутгаас өргөн дэвшүүлье.
Хорьдугаар зууны Монгол оронд болсон Халхын голын дайнд Монгол-Зөвлөлтийн дайчдын байгуулсан баатарлаг ялалт нь манай улсын тусгаар тогтнол, ард түмний эрх чөлөө, жаргалант амьдралыг батлан хамгаалсан үеийн үед дуурсагдах үүрдийн гавьяат үйлс билээ. Энэ түүхэн ялалтын үнэн бодит байдал, үнэ цэнэ, ач холбогдол нь он цагийн урсгалд ч, үе үеийнхний залгамж холбоонд ч, нийгмийн хөгжлийн сэлгээнд ч бүдгэрч буурах ёсгүйг энэ онд тохиож буй 80 жилийн ой яруу тод харуулж байна.
Халхын голын хязгаарт, богино хугацаанд, их хүчээр, ширүүн галаар дөрвөн улсын цэрэг дөрвөн сарын турш тулалдан, Монгол-Зөвлөлтийн шударга журмын дайчид ялан дийлж, гадны шунан түрэмгийлэх дайчид бууж сөгдсөн түүхтэй.
Энэ дайнд амь насаа өргөсөн Монгол-Зөвлөлтийн баатруудын 27 хүн тутмын 26 нь Зөвлөлтийн цэрэг, Оросын цэрэг байлаа. Тэд ийнхүү Монгол орны сөөм газар, сөөг дэрсний төлөө эрсдэж, хөрс шороо элс хайрганы ширхэгт халуун амь бүлээн цусаа шингээсэн.
Дайны дараах энх цагийн он жилүүдэд Халхын голд Зөвлөлтийн тусламжаар сум сангийн аж ахуйн төв сүндэрлэн босч, атар газар эзэмшин алтан үрэл ургуулж эхэлсэн түүхтэй.
Зөвлөлт Холбоот Улсын 4 удаагийн баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал, домогт жанжин Георгий Константинович Жуков жанжны нэрэмжит тус сангийн аж ахуй нь танк давшиж байсан энэ нутагт траектороор газар хагалж тариа ургуулан, таван хошуу мал өсгөж, өдгөө ч хүн амаа хүнсээр хангах үйлсэд иргэд, аж ахуйн нэгжүүд зүтгэсээр байна.
Өнөөдрийн ашиглалтад хүлээн авч байгаа Шинэ сумын төв нь Зөвлөлт-Монголын баатарлаг дайчдын ариун цус, Монгол-Зөвлөлтийн барилгачдын хөлс шингэсэн энэ л нутаг дээр, энэ нутгийн элс шороог дээжлэн босож, цэргийн нэрт жанжин Г.К.Жуковын морьт хөшөөг төв талбайдаа заллаа.
Ялалт шингэсэн орчин үеийн орд өргөөнд Халхголын залгамж үе маань мэндэлж, өсч бойжиж, сурч хүмүүжиж, эрдэм соёлын шимийг хүртэнэ. Монгол Улс, Оросын Холбооны Улсын найрамдал нөхөрлөл үеийн үед мөнхрөхийн нэгэн үндэс энэ.
Халхголчууд бол Орос, Монголын баатарлаг дайчдын гэгээн дурсгалыг хайрлан хамгаалж, өнгө гундаалгүй өнөд гэрэлтүүлж, өргөжүүлэн баяжуулж байдаг хугацаагүй албаны дайчид, хүндэт харуулын цэрэг юм.
Халхын гол нутгийн ахмад үе, өнөөгийн залуусын 80 жилийн энэхүү сэтгэл, зүтгэлийг Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга болон Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин нар ихэд хүндэтгэн Оросын ард түмний баялгаас Роснефть компанийн санхүүжилтээр энэ сайхан "Шинэ сум"-ыг байгуулж өглөө. Энэхүү орчин цагийн хотхоны барилга угсралтын ажлыг барьж ашиглалтад оруулж байгаа Их Модун ХХК-ний барилгачид, Зэвсэгт хүчний жанжин штабын бие бүрэлдэхүүн, анги нэгтгэлүүдийн алба хаагчид, их бүтээн байгуулалтын шав тавихаас эхлэн баригдаж дуусах хүртэл нутгийн иргэдээ төлөөлж тэднийгээ уриалан зорилго, зүтгэл, сэтгэл зүрхээ бүрэн зориулж ажилласан сумын удирдлагууддаа болон хандив тусламж үзүүлсэн Дорнодчууд, Халхгол нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
Эх орны минь наран ургах түүхт ялалтын өлгий энэ сайхан нутагт минь инженерийн иж бүрэн шугам сүлжээ бүхий хотхоныг байгуулснаар хязгаар нутгийн иргэдийн амьдрах орчин сайжирч, аялал жуулчлал, газар тариалан, мал аж ахуйн салбар өргөжин хөгжих таатай боломж бүрдэж байгаад нутгийн удирдлагын зүгээс туйлын их баяртай байна.
Цаашид Халхгол сумынхаа иргэдийн амьдарч буй орон сууц, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нэгдсэн шугам сүлжээнд холбох ажлыг Улс, аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгө болон бусад эх үүсвэрээс шийдэх болно.
Халхын гол, Халхын сүм, Халх, Нөмрөгийн гол, Халхын Цагаан уул гээд Өвөг дээдсийн энэ сайхан өлгий
Хөдөө тал нь малаар дүүрэн...
Хөрсөн дороо эрдэнээр баян нутаг аа
Оросын ард түмний баялгаас дээжилсэн энэхүү бэлэглэлийн жишээгээр Эх орныхоо үүц, нөөцөөр Шинэ сумын төв төсөл улс орон даяар өртөөлөн бүх сумд маань орчин үеийн ийм сайхан төвтэй болохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Хэн ч мартах ёсгүй, хэзээ ч мартагдах учиргүй Халхголын баатруудын яруу алдар бадартугай.