Гал түймрийн аюулд өртсөн иргэд, малчдад туслах, хохирлыг багасгах ажлыг зохион байгуулах, хариу арга хэмжээ авах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Улаан загалмай, Эрүүл мэнд, Хүнс, хөдөө аж ахуй, Онцгой байдал, Байгаль орчин, сум, багийн Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, Халхгол суманд газар дээр нь ажиллахаар хөдөллөө.
Аймгийн ажлын хэсэг нь Улсын Онцгой комисс, Халхгол сумын Онцгой комисстой хамтран дараахь ажлуудыг шуурхай зохион байгуулах юм.
- Гал түймрийн аюулд нэрвэгдэгдсэн 10 орчим малчид иргэдэд Улсын нөөцөөс гэр олгохоор болсон.
- Мал сүрэг, төл малд хэрэгцээт өвс тэжээлийн нөөц бүрдүүлж малчдад хуваарилалт хийх
- Түймэрт өртсөн малчин өрх айлуудыг малын бэлчээртэй газарт нүүлгэн шилжүүлт хийх
- Мал сүрэг нь түймэрт өртсөн иргэдийг малжуулах төсөлд хамруулах
-Түймэрт гэр, сууц, малын хашаа хороо нь өртсөн иргэдэд гэр, дулаан хувцас, эд хогшил олгох, малын хашаатай болгох ажлыг зохион байгуулах
-Түймрийн аюулд нэрвэгдэгсдэд сэтгэл зүйн олон талт дэмжлэг үзүүлэх
- Зэрлэг амьтдын талаар авах арга хэмжээний санал боловсруулах ажлыг хэрэгжүүлнэ.
Ирэх өдрүүдэд малчдыг нүүлгэхэд хүн хүч, ачааны автомашин, мал сүрэгт өвс тэжээл зэрэг нэн хэрэгцээтэй болж байна.