Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрийг тохиолдуулан “Хуульчийн про боно өдөр-2023” өдөрлөгийг Дорнод аймаг 2023 оны 05 дугаар сарын 01-ны өдөр зохион байгуулах юм.
Монголын Хуульчдын холбоо нь гишүүн хуульчдынхаа сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийтийн тусын тулд болоод нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үнэ төлбөргүйгээр төлөөлөн хамгаалах, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих, хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбоотой үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг.
Өдөрлөгт Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Дорнод аймгийн Шүүхийн тамгын газар, Прокурорын газар, Хүний эрхийн комиссын төлөөлөгч, Өмгөөлөгчдийн холбоо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газар, Хууль зүйн туслалцааны төв, Улсын бүртгэлийн газар, Гадаадын иргэн харьяатын газар, Нотариатын танхим, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж, иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээллийг хүргэн ажиллах гэж байна.