Зүүн бүсийн аймгуудын уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх сургалт, хэлэлцүүлэг Чойбалсан хотод зохион байгуулагдаж өнөөдөр дууслаа. Энэ үеэр уул уурхайн салбарын “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулагдсан юм.
Монгол орны хөгжлийн тулгуур багана болох уул уурхайн салбарын үйл ажиллагаа, хөгжилд тэмүүлсэн бодлого, зорилтыг иргэд, олон нийтэд сурталчлан танилцуулах зорилготой өдөрлөгт ашигт малтмал, газрын тосны газар, Оюу толгой ХХК, Цайрт минерал ХХК,Монголын алт (МАК) ХХК, Доншен газрын тос Монгол ХХК, Монголросцветмен ТӨҮГ, Алтан дорнод Монгол ХХК, Мополимет ХХК, Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨҮГ, Адуунчулуун ХК, Шинь шинь ХХК, Монгол чех металл ХХК зэрэг томоохон аж ахуй нэгж, компаниуд оролцож өөрсдийн үйл ажиллагааны талаар хүрэлцэн ирсэн иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч байсан юм.