Өнөөдөр (2023.05.05) аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн "Орон сууцны 10 дугаар байрны барилгын хүчитгэл, бэхэлгээний ажил"-ын гүйцэтгэлтэй танилцав.
Тус ажлыг аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн.
Хэрлэн сумын 9 дүгээр багийн орон сууцны 10 дугаар байр нь 1969 онд ашиглалтад орсон 5 давхар угсармал төмөр бетон хийц бүтээцтэй, 80 айлын орон сууцны барилга юм. Тус орон сууцны барилгын оршин суугчид болон сууц өмчлөгчдийн холбооноос хүсэлт тавьсны дагуу 2022 онд барилгын хяналт дүгнэлтийн итгэмжлэл бүхий үндсэн хийц дүгнэлт гаргуулан, зураг төслийг магадлалаар баталгаажуулан үндсэн 4 ажлыг хийж гүйцэтгэсэн аж.
1. Суултад орсон А-1 тэнхлэгийн баганын ачааг барилгын сууринд тараан хуваарилах үүднээс суурийн талбайг томруулах ажил,
2. Тус баганын суултын улмаас хагарал өгсөн суурийн блокуудыг хүчитгэх ажил,
3. Чийгтэй орчинд удаан байсан улмаас ажлын арматур зэвэрч ил гарсан, бетон үйрч ачаа авах чадвар муудсан 1 багана, 5 хучилтын хавтан, 5 дамнурууг хүчитгэх,
4. Барилгын гадна талаар суурь болон буурь хөрсийг уснаас хамгаалах зорилгоор шинээр 1.2 м-ээс дээш өргөн бетон хаяавч цутгах зэрэг ажлуудыг тус тус хийсэн юм.