МОНГОЛ ОВОГТ БАТТОГТОХЫН ШАТАР
(1943-2023)
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, “Адуунчулуун” хувьцаат компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, Түлш Эрчим хүчний салбарын ахмад ажилтан Баттогтохын Шатар нь 2023 оны 5 дугаар сарын 10-ний өдөр хүнд өвчний улмаас гэгээн алсад одож бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Баттогтохын Шатар нь Политехникийн дээд сургуулийг Дулааны техникч, Дулааны цахилгаан станцын инженер мэргэжлээр дүүргэн Монгол улсынхаа болон орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө өөрийн ухамсарт амьдралаа харамгүй зориулсан билээ.
Тэрбээр ажлын гараагаа 1966 онд Улаанбаатар хотын 2-р цахилгаан станцын трубины машинист, мастер, цехийн даргаас эхлүүлж,
1975-1984 онд Улаанбаатар хотын 3-р цахилгаан станцад үйлдвэрлэл эрхэлсэн орлогч, Өргөтгөлийн ахлах инженер,
1985-1987 онд Улаанбаатар хотын 2-р цахилгаан станцын дарга,
1988-1990 онд Чойбалсан хотын Дулааны цахилгаан станцын дарга,
1991-1995 онд Улаанбаатар хотын ТЭЦ-4 станцын дарга,
1996-2004 онд Түлш Эрчим хүчний засвар, угсралтын Монгол-Оросын хамтарсан үйлдвэр-“Монгол-Энерги сервис”ХХК ийн захирал,
1999-2003 онд “Адуунчулуун” хувьцаат компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга,
2004-2017 онд “Адуунчулуун” хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал,
2018 оноос тус компанийн ТУЗ-ийн даргаар тус тус ажиллаж байлаа.
Мөн олны итгэлийг хүлээсэн төр нийгмийн зүтгэлтэн хамт олон, ирээдүй хойчдоо өөрөөрөө үлгэрлэн манлайлж аймаг, сумын депутат, хурлын төлөөлөгч, нам, олон нийтийн байгууллагын сонгуульт үүрэг хүлээн ажиллаж байсан юм.
Тэрээр 1990-ээд онд үүссэн улс орны эдийн засгийн хямралтай хүндхэн цаг үед хөгжлийн амин судас болсон Эрчим хүчний салбарын дэд бүтцийг шинэчлэх, хөгжүүлэх ажилд гар бие оролцож байсан алдар гавьяатай эрхэм хүмүүсийн нэг билээ.
Мөн хариуцлагатай уул уурхайн салбарыг үлгэр жишээчээр хөгжүүлж, Чойбалсан хотын хөгжил, цэцэглэлтэд бодитой хувь нэмэр оруулан, тал нутгийн зон олныг эрчим хүчээр хангах их үйлсэд бие сэтгэлээ зориулж ирсэн.
Түүний хийж бүтээсэн хөдөлмөр зүтгэл, байгуулсан гавьяаг төр засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан алдар цол тэмдэг, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон, Алтан гадас одон, МХЗЭ-ийн Төв хорооны “Тэргүүний ажилчин залуу” алтан медаль, ”АХ-ын 60,70,80,90,100 жилийн ойн медаль, Чингис хааны 800 жилийн ойн медаль, Түлш эрчим хүчний салбарын болон аймаг, хотын тэргүүний ажилтан, цол тэмдгээр тус тус шагнаж, Чойбалсан хотын Хүндэт иргэнээр өргөмжилсөн билээ.
Удирдан зохион байгуулах, үлгэрлэн манлайлах, ирээдүй хойчдоо зааж зөвлөх арга барил сайтай, аливаад нягт нямбай, нэр хүндтэй, төлөв төвшин, уужуу тайван, зарчимч, техникийн өргөн мэдлэгтэй, хүнлэг хүмүүн байв.
Түүний ажилч хичээнгүй хөдөлмөрч, цэгц шулуун шударга, тусархаг зан чанар, нөхөрсөг сургаал, эелдэг зөөлөн үг яриа гэгээн дүр бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд үлдэж, гэгээн дүр тань дурсагдсаар байх болно. Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
Дорнод аймгийн Засаг дарга