Жил бүрийн 05 дугаар сарын 12-ны өдөр Олон улсын сувилагчдын өдөр тохиодог. Өнөөдөр сувилагчдын өдрийг угтан “Бидний сувилагчид-Бидний ирээдүй” уриан дор баярын арга хэмжээ зохион байгууллаа.
Арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцож, МУ-ын төрийн дээд болон Эрүүл мэндийн яам, аймаг хотын Засаг даргын нэрэмжит шагналыг гардуулав.
Мөн энэ үеэр Сумын эрүүл мэндийн төвийн багийн бага эмч, лаборант, эх баригч, статистикч эмч, эм зүйч нарын төлөөлөлд ажлын байрандаа чадваржих, тогтвор суурьшилтай ажиллахад нь дэмжлэг үзүүлж 500.000 төгрөгийн батламжийг Булган сумын ЭМТ-ийн лаборант Б.Уранцэцэг, Баянтүмэн сумын ЭМТ-ийн багийн бага эмч С.Отгонцэцэг, Цагаан-овоо сумын ЭМТ-ийн эм зүйч Б.Соронзонзаяа, Статистикч Г.Туяагэрэл гардуулсан юм.
Энэхүү өдөр нь сувилагчийн бие даасан байдал, мэргэжлийн үнэ цэнийг сурталчлан таниулах, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжид гарсан ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Монголын Сувилагчдын Нийгэмлэгээс 2023 оныг “ Сувилагчдын эрхийг хамгаалах жил” болгон зарласан ба энэхүү өдрийг “Бидний сувилагчид-Бидний ирээдүй” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.
Дорнод аймгийн хэмжээнд 89 Эрүүл мэндийн байгууллагад 1167 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаагаас сувилагч 312 буюу нийт ажиллагсдын 26.7 хувийг эзэлж хүн амд сувилахуйн тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байгаа юм.