Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар Зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн "Бямба" гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний бүх нийтээр мод тарих өдрийн нээлтийн арга хэмжээ боллоо.
Нээлтэд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын орлогч, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний ажлын хэсгийн дарга Ш.Ёл, Хэрлэн сумын Засаг дарга П.Пүрэв-очир, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга А.Гантулга болон төрийн байгууллага, боловсролын байгууллагын удирдлагууд оролцов.
Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь байгаль экологийн тогтвортой байдлыг хангах, цөлжилтийг сааруулах үндсэн зорилготой 2021-2030 он хүртэл үргэлжлэх юм.
Уг хөдөлгөөний хүрээнд дараах байдлаар мод тарьж ургуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Үүнд;
-Ойн санд ойжуулалт хийх, ойн зурвас байгуулах, нөхөн сэргээх,
-Хот суурин газарт ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг нэмэгдүүлэх, шинээр байгуулах,
-Авто зам, төмөр зам, тариалангийн бүсэд хамгааллын зурвас байгуулах,
-Тал хээрт агро ойн аж ахуй хөгжүүлэх,
-Мод, жимс жимсгэнэ, хүнсний ногоо тарьж, мод үржүүлэхийг бодлогоор дэмжиж, газрыг нь эзэмшүүлэх, ашиглуулах, худаг, уст цэг, усан сан, усалгааны систем бий болгох зэрэг ажлыг аймаг, сумын бодлого шийдвэрт тусган дэмжиж, мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, нөхөрлөл, бүлэг хоршоог дэмжин ажиллаж үр үрсэлгээ, тарьц суулгацын нөөц бүрдүүлэх цогц бодлогыг төлөвлөн ажиллаж байна.