Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээвэр 7 чиглэлд үнэ төлбөргүй үйлчилж байна

1 жил
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээвэр 7 чиглэлд үнэ төлбөргүй үйлчилж байна
Ахмад настны тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн дагуу Чойбалсан хотын нийтийн тээврийн хэрэгслээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үнэ төлбөргүй зорчуулах үйлчилгээг аймгийн удирдлагын санаачилгаар анх 2014 оноос автобусны шатахууны дэмжлэгт зориулан 36,0 сая төгрөг баталж, 3 чиглэлд тээвэр гүйцэтгүүлж эхэлсэн.
 
Аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2023 онд үйлчилгээ үзүүлэх тээвэр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, шалгарсан “Хүрэл заан” нөхөрлөлтэй Авто тээврийн үндэсний төвийн Дорнод салбар ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үнэ төлбөргүй зорчуулах үйлчилгээнд хяналт тавин ажиллаж байна.
 
Жил бүр аймгийн төсөвт шаардагдах зардлыг нь тусган, зорчих чиглэлийн тоог нэмэгдүүлсээр 2015 онд 4 чиглэл, 2016 онд 5 чиглэл, 2018 онд 6 чиглэл, 2019 оноос 7 чиглэлд холбогдох хууль тогтоомжийн дагуу Дорнод аймгийн Авто тээврийн төв хариуцан нийтийн тээврийн үйлчилгээний байгууллагатай гэрээ байгуулан гүйцэтгүүлж байна.
 
Үүнд:
 
1 дүгээр чиглэл: Хэрлэн сумын хяналтын пост (3-р баг, баруун цементэн гүүрний хойд талын) – Шүр зах (6-р баг) – Өвөр Эрээн хороолол (4-р баг),
 
2 дугаар чиглэл: Үйлчилгээний төв (7-р баг) – Шүр зах (6-р баг) – Төмөр зам (8-р баг) – Үйлчилгээний төв (7-р баг),
 
3 дугаар чиглэл: Тээвэрчдийн гудамж (2-р баг, Саяг 3) – Үйлчилгээний төв (7-р баг) – Билэг төв (6-р баг) – Хивсний гудамж (10-р баг, хамгийн арын эгнээ),
 
4 дүгээр чиглэл: Үйлчилгээний төв (7-р баг) – Шүр зах (6-р баг) – Бунхан (1-р баг, Малчин хороолол),
 
5 дугаар чиглэл: Силикат хороолол (1-р баг) – Бумбат гудамж (2-р баг, хуучнаар Намын хороо) – Силикат хороолол (1-р баг),
 
6 дугаар чиглэл: Шүр зах (6-р баг) – Мөнхөт хотхон (5-р баг) – Шүр зах (6-р баг),
 
7 дугаар чиглэл: Шүр зах (6-р баг) – Дэхт (5-р баг Бат-Уул) – Шүр зах (6-р баг)
 
Өнгөрөгч 2022 онд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 7 чиглэлд үнэ төлбөргүй үйлчилсэн бөгөөд давхардсан тоогоор 120,0 гаруй мянган хүн зорчсон байна.