Бишрэл залбирлыг бүрнээ хураасан Хан уул минь
Ачлал буянаа хүртээсэн Хайрхан уул минь
Бүхий олноо тольдсон оргил тэргүүн Овоо минь
Сүүн цацал амттаны дээжээ өргөн барьж
Сүсэглэн дээдлэх сэтгэлийн өчлөө айлтгая.
Өндөр дээдсийн шастираас Улхан алдрын улбаатай
Өргөн талын зооноо холын сүрлэг бараатай
Гэгээн сэцэн Ханы голомт залгасан дээдсийн
Өнө холоос өртөөлсөн өтгөс буурлуудын
Гүн хүндэтгэл чин сүсэг шингээстэй
Айлтгал эгээрэл болгоон тунгаах чадалтай
Аврал энэрэл хүртээн соёрхох шидтэй Хан уул минь
Хурай хурай хурай.
Билгийн чандад хүрсэн номын их мэргэд
Бишрэлийн ухаарал, сүсгийн буянаар болгоон
Шүтэхийн язгуур тахилга судар, уншлага сангаа
Шүлэглэн холбож, ая дантай өвлүүллээ.
Өнөөдөр бид шашин номын ёс ,уламжлалаа дээдлэн
Өгөөмөр буян,өлзий хишгийг тань хүртэхээр
Ачлалт уулынхаа эзэн тэнгэр,савдаг сахиус,хотол бүгдийг
Амьдчилан залж, хүмүүнчлэн харилцаж,баясган цэнгүүлж
Аливаа хүсэл эгээрлээ болгоон соёрхохыг айлтган залбиръя
Алдал ослоо өршөөн хэлтрүүлэхийн хүлцэл өчье
Унаган байгалиа хадгалан хамгаалах төрийн бодлого
Уул усаа бишрэн шүтэх шашин номын сургаал эвсэх
Хос ёсны барилдлага хотол олны сэтгэл үйлд шингэн
Байгаль орчин, орон дэлхийгээ аргадан харьцаж
Баялаг нөөцийг хайрлан, ариг гамтай хүртэж,
Онгон дагшин тогтоц, унаган төрхийг хадгалахад
Олон түмэн, иргэн бүхний үүрэг эрхэм чухлыг айлтгая
Хан уул Таны тавил тайлга тахилга сангийн увьдас
Хараа дүүрэх ай сав нутгийн эзэд сэлтэсийг баясган
Дөрвөн цагийн эргэлтэд тэгш дүүрэн оршихын учир
Дөрвөн зүг найман зовхисын газар орноо бишрэн дээдэлье.
Хурай хурай хурай
Хайрхан Хан уул минь ээ
Их талын уугуул суугуул зон олон
Ирүүл, одуул иргэд цөмөөрөө
Сэтгэл итгэл, бишрэл залбирлаа даатган
Ачлалын буян, энэрэлийн ивээлийг хүртье
Зон олны минь заяа буян
Цог хийморийг тэгшитгэн бадрааж
Хур бороог цагийн аясаар хайрлаж
Өлөн зудыг өнөд холтгож
Буянт малын өгөөж хишгийг арвитгаж
Буурал дээдсийн буурийг бататгаж
Эмгэг өвчин, элдэв тотгор
Гай зовлон, гамшиг аюулаас
Авран ивээхийн сацуу
Төрийн үйл өөдрөг сайн,
Түмний сэтгэл амгалан байхын
Өчлөөн өчиж, цацлаан өргөж
Айл өрх иргэн бүхэнд
Эрүүл энхийн жаргал хурж
Амьдрал ахуй ажил үйлс
Өрнөн мандахын ерөөл оршоон
Эцэг тэнгэр, этүгэн эхэд бишрэн мөргөе
Хурай хурай хурай