“Соёлын сэргэлт-2023” аян Зүүн бүсийн тулгуур төв Чойбалсан хотод нээлтээ хийлээ. Нээлтэд Соёлын дэд сайд М.Батбаяр, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл нар оролцов.
Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, соёлын салбарын ажилтнуудыг чадавхжуулах, иргэдэд хүргэх соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Соёлын сэргэлт-2023” аяныг улсын хэмжээнд өрнөж буй.
Аяны хүрээнд орон нутгийн иргэдэд зориулсан соёл, гэгээрлийн лекц, илтгэл, чадавхжуулах сургалт, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн болон соёлын биет бус өвийн үзэсгэлэн, номын өдөрлөг, урлагийн тоглолт зэрэг олон талт соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэ үеэр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид нутгийн брэнд, гар урлалаар үзэсгэлэн худалдааг дэлгэсэн юм.
Дорнод аймаг нь үндэснийхээ өв соёлыг дээдлэх, хойч үедээ уламжлуулан өвлүүлэх зорилгоор олон угсаатны уламжлалт наадам буюу буриад түмний “Алтаргана”, Үзэмчин түмний “Алтан дөрөө”, Барга түмний “Баргажин” наадмыг зохион байгуулсаар ирсэн.
Мөн энэ жил “Хэрлэнгийн барьяа” уртын дууны улсын уралдаан, яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн “Аглагхан талаасаа” улсын наадам, “Үл бүдгэрэх их өв” соёлын биет бус өвийн арга хэмжээ, Зүүн бүсийн соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалд зориулсан эвент арга хэмжээ, Орон нутгийн угсаатны онцлогтой, уламжлалт өв соёлыг сурталчлах “Талын соёл” зорилтот арга хэмжээ, Зүүн бүсийн “Тоонто нютаг” /Буриад, Барга угсаатны уламжлалт тойрон бүжгийн наадам/, “Хэрлэнгийн үдэш” симфони найрал хөгжмийн тоглолт зэрэг томоохон арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна.
Түүнчлэн соёл, урлагийн салбарын ажилтан, албан хаагчдаа дэмжих зорилгоор анх удаа 40.0 сая төгрөгийн шагналын сантай “Соёл, урлагийн салбарын шилдэг ажилтан” шалгаруулах болзолт уралдааныг зарласан.
Соёлын байгууллагуудын барилга, байгууламжийг шинэчлэх, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ажилтан, албан хаагчдын ажиллах орчныг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр Баян-Уул, Гурванзагал, Матад сумын Соёлын төвийн барилгыг шинээр ашиглалтад оруулсан бөгөөд Булган сумын Соёлын төв, аймгийн Музейн барилгыг шинээр барих ажлууд шат дараатай хийгдэж байна.