Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллага нь Дорнод аймгийн Хэрлэн, Чойбалсан, Баянтүмэн суманд урт хугацааны хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх төслийн баг Дорнод аймагт ажиллаж байна. Энэ үеэр Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий болон холбогдох хэлтэс, агентлагийн дарга нартай уулзаж нийгмийн салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөр болон хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл танилцуулж, санал солилцов.
Дорнод аймаг нь Олон Улсын байгууллагатай хамтран төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж орон нутагтаа амжилттай нутагшуулан урт хугацаанд хэрэгжүүлсээр ирсэн. Тухайлбал:
Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын чиглэлээр:
- "Гэр бүл, хөгжил дэвшил хөтөлбөр” (2014-2017)
- Хохирогч эмэгтэйчүүд, хүүхдийг хамгаалах "Нэг цэгийн үйлчилгээний төв"
- Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллага "Гамшигт тэсвэртэй орон нутаг" төслийн хүрээнд "Аврагч Мазаалай" сургалтын танхим (2022 он)
- "Боловсон ариун цэврийн байгууламж” төсөл тус тус амжилттай хэрэгжсэн.
Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллага нь Дорнод аймагт хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах болон хөдөөд мал аж ахуйн менежментийг сайжруулахад иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, бодлого төлөвлөлттэй уялдуулсан системтэй үйл ажиллагааны үр дүнд гамшгийг даван туулах чадавхыг бий болгож иргэдийн амьжиргааг сайжруулах зорилгоор “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийг хэрэгжүүлж мөн “Аврагч Мазаалай” хүүхдийн сургалтын өрөөг Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд байгуулан хүүхдийн хөгжлийг дэмжин хамтран ажилласаар ирсэн.
Цаашид хамтын ажиллагааг улам бэхжүүлж, хүүхэд хамгаалал, оролцоо боловсрол, өрхийн амьжиргаа, даван туулах чадвар, эрсдэлийг бууруулах зэрэг өргөн хүрээний салбаруудад хамтран ажиллах санал тавьсан юм.