Өнөөдөр /2023.06.22/ Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын аварга шалгаруулах буудлагын тэмцээний нээлт боллоо. Нээлтэд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон тусгай чиг үүргийн байгууллагуудын удирдлагууд оролцсон юм.
Тэмцээнд Цагдаа, дотоодын цэргийн 37 анги, байгууллагын 100 гаруй алба хаагч оролцож байна. Монгол орны баруун хязгаар Баян-Өлгий, Ховд аймгийн цагдаагийн алба хаагчид 2000 гаруй км замыг туулан хүрэлцэн ирсэн аж. Түүнчлэн нийслэл, төв, баруун, зүүн бүсийн Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид зорин ирж оролцож байгаа нь Дорнод аймагт зохион байгуулагдаж буй буудлагын аварга шалгаруулах тэмцээн өргөн цар хүрээтэй болж байгааг илтгэж байна.
Дорнод аймгийн Цагдаагийн газар нь уг тэмцээнийг энэ жилээс эхлэн шилжин явах аваргын цомтойгоор зохион байгуулж байгаагаар онцлог юм.