Өнөөдөр /2023.09.07/ Монгол Улсад Шинжлэх Ухааны Мал эмнэлэг үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож буй. Түүхт 100 жилийн ойн баярын хурал болж өндөрлөлөө.
Баярын хуралд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа болон холбогдох газар хэлтсийн дарга нар оролцож баяр хүргэн, салбараа манлайлан ажиллаж буй шилдэг ажилчдыг Төрийн дээд одон медаль болон салбарын хүндэт тэмдгээр шагнаж урамшуулав.
Тэртээ 1923 онд Засгийн газрын тогтоолоор Сангийн Яамны дэргэд “Мал эмнэлгийн хэлтэс” байгуулагдсанаар Монгол Улсын түүхэнд анх удаа шинжлэх ухааны үндэстэй мал эмнэлгийн үйлчилгээ явуулах мал эмнэлгийн албаны суурь тавигдаж байсан бол Дорнод аймагт 1925 онд анх Улз голын буриад хошуу, 1926 онд Баянтүмэн Хан-Уул /Санбэйс/-ын хошуу буюу одоогийн Чойбалсан хотод тус тус байгуулагдаж байсан түүхтэй билээ.
Шинжлэх ухааны мал эмнэлэг үүссэнээр малын гаралтай гоц халдварт өвчнүүдийг зөв оношилж цаг алдалгүй эмчлэх боломжууд бүрдсэн юм.
Аймаг орон нутгийн зүгээс мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, малын эмч мэргэжилтэн нарын ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад анхаарсаар байна. Тодруулбал аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар орон нутгийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “Мал амьтны гаралтай бүтээгдэхүүнийг мөрдөн мөшгөх тогтолцоог хэрэгжүүлэх”, Мал эмнэлгийн цахим гэрчилгээг нэвтрүүлэх, хүн амын хүнсний аюулгүй байдал, малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдэлд тавих хяналт сайжруулах, мал эмнэлгийн үйл ажиллагаа чадавхыг сайжруулах, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх, оношилгоо шинжилгээ бэлэн байдлыг хангах, мал сүргийг эрүүлжүүлэхэд олон ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна.