Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхээр эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, стандарт, төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан шийдвэр, мэргэжлийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шаардлага, дүгнэлт, зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллана.
Хоёр. Согтууруулах ундаа худалдах, үйлчлэхэд тавигдах шаардлага
Тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээд нь хуульд заасан шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна.
2.1. Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас батлагдсан худалдаалах үйл ажиллагаа, хоол үйлдвэрлэлийн газрыг шалгах хяналтын хуудсаар дүгнэхэд бага эрсдэлтэй үнэлэгдэж, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан байх;
2.2. Теле, хяналтын системийн техникийн ерөнхий шаардлага МNS 6423 стандартад нийцсэн камерын системээр тоноглогдсон, камер /шөнийн цагаар зураг авдаг бичлэгийг 720 цагаас багагүй буюу 30 хоног хадгалдаг санах ойтой байх/ -ын байнгын ажиллагааг хангасан байх;
2.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь ажилтнуудтай Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу гэрээ байгуулан, ажиллах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх бөгөөд ажилтныг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлөөр хангах;
2.4. Ажилтан ажлын байранд, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа согтууруулах ундааг хэрэглэхгүй байх талаар байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолт хөдөлмөрийн гэрээнд тусгаж, хэрэгжүүлж ажиллах;
2.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь Засгийн газрын 2014 оны 157 дугаар тогтоолоор батлагдсан "Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналт хэрэгжүүлэгч үлгэрчилсэн журам"-ын дагуу өөрийн үйл ажиллагаандаа дотоод хяналтыг хэрэгжүүлдэг байх;
2.6. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрт харьяалагдах эзэмшил газрынхаа 30-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний талбайд ногоон байгууламж, автомашины зогсоол төлөвлөж, бий болгосон байх;
2.7. Согтууруулах ундаагаар үйлчилж буй аж ахуйн нэгжүүд шөнийн цагаар үйлчилгээ явуулж байгаа барилга байгууламжийн 10 метрээс дээш зайд гадна гэрэлтүүлэг төхөөрөмжийг байршуулах ба гэрэлтүүлэг нь ойр орчимд байгаа эд зүйл харагдах, камерын бичлэгт орж байхаар гадаад орчны аюулгүй байдлыг хангасан байх.