"Багшид үзүүлэх мэргэжил, арга зүйн дэмжлэг, манлайлал" сэдэвт Зүүн бүсийн сургалт зөвлөгөөн Дорнод аймгийн төв Чойбалсан хотноо эхэллээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, аймгийн Боловсрол, соёл урлагийн газар хамтран энэ сарын 24-25-ны өдөр зохион байгуулж буй уг зөвлөгөөнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгийн Сургуулийн өмнөх байгууллагуудын Арга зүйчид, Ерөнхий боловсролын сургуулиудын Сургалтын менежерүүд бүхий нийт 300 орчим хүмүүс хамрагдаж байна. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын Дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Нансалмаа, Хэрлэн сумын Засаг даргын орлогч О.Пүрэв-Очир нарын удирдлагууд оролцож 12 дугаар сургуулийн сурагчдын найрал дуу, Дорнын бүжиг клубын бүжигчин хүүхдүүд мэндчилгээ дэвшүүллээ. Арга зүйч, сургалтын менежерийн манлайлах ур чадвар, менежментийн чадавхийг дээшлүүлэх, багшид мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, ажлын чанарыг сайжруулах зорилготой уг сургалт, зөвлөгөөн "Боловсролын чанар, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгааны дүн", "Технологийн дэвшил ба боловсрол", "Сургалт, хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалт" зэрэг илтгэл, мэдээлэл, сургалт явагдах юм.