“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дорнод аймаг “Жимсний мод тариалъя” төслийг энэ жилээс хэрэгжүүлж буй.
Төслийн хүрээнд өнөөдрөөс эхлэн жимсний модны тарьц, суулгацыг Хэрлэн сумын 1-р багийн нутаг, нисэх онгоцны буудал явах замын хойд талд байрлах Баян-нуур мод үржүүлгийн газарт олгож байна. Мөн агрономич, аварга тариаланч зэрэг туршлагатай мэргэжлийн хүмүүс жимсний мод суулгацыг хэрхэн тарих, арчлах талаар зөвлөгөө мэдээлэл өгч байгаа юм.
Уг төслийн хүрээнд нийт 5 төрлийн жимс жимсгэний тарьц суулгацыг Дорнод аймгийн нийт 14 сумын сумын Засаг дарга болон багийн Засаг даргаар дамжуулан хариуцлагын гэрээ хийж олгоно.
1. Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь мод тариалах чиглэлээр зохих дадлага туршлагатай байх
2. Өөрийн өмчлөлийн болон эзэмшил, ашиглалтын газартай байх
3. Жимс жимсгэний модыг хамгаалах хашаатай байх
4. Хашаандаа худаг болон усны нөөцийн сав, усалгааны систем шийдвэрлэсэн байх
5. Мод тариалах багаж хэрэгсэлтэй байх
6. Хуваарилагдсан жимс жимсгэний модыг тарьж ургуулах, арчлах баталгааг гаргах
Өнөөдөр нийт 5 төрөл буюу үхрийн нүд, монос, үрэл интоор, бөөрөлзгөний тарьц суулгацыг хүлээлгэн өгч байна.