Өнөөдөр /2023.11.17/ Дорнод аймгийн Ахмадын хорооноос ахмад настны өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, 2023-2030 онд ахмад насны талаар баримтлах үндсэн чиглэл, чуулганаас гарсан зөвлөмжийг хүлээн авч аймаг, сум, багийн Ахмадын хороо, зөвлөлийн удирдах ажилтнуудад танилцуулах сурталчлах, санал сэтгэгдлийг сонсох, цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх зорилгоор “Хамтын зүтгэл-амжилт” зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцов.
Дорнод аймаг нь ахмадаа дэмжих бодлогоо тодорхойлж, ахмад настны хөгжил, оролцоог дэмжсэн үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн.
Тухайлбал энэ онд 7 дахь жилдээ хэрэгжиж байгаа “Ахмадын ачлал” хөтөлбөрийн хүрээнд анхан, дунд шатны ахмадын байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Ахмадын хороо, зөвлөлийн үйл ажиллагаанд харилцаа холбоо, шатахууны дэмжлэг, урамшуулал 63,0 сая төгрөгийг олгох ажлыг 2021, 2023 онд зохион байгуулж, 2024 онд үргэлжлүүлэн олгохоор төсвийн төсөлдөө тусгаад буй.
Мөн ахмадын байгууллагуудын техник, тоног төхөөрөмжийг сайжруулах зорилгоор өнгөрсөн 2022 онд аймгийн төсвийн 29,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хөдөөгийн 13 сумын Ахмадын хороо, Хэрлэн сумын нэн шаардлагатай 1, 2, 5, 7, 10 дугаар багийн Ахмадын зөвлөлүүд тус бүр компьютер, принтерийн дэмжлэг үзүүлээд байна. 2024 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
Түүнчлэн 2019 оноос эхлэн жил бүр “Ахмадын өдрийн сувилал”-ын үйл ажиллагааг сум, өрхийн эрүүл мэндийн төв болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулан гүйцэтгүүлж, энэ онд 950 ахмад настан, сүүлийн 5 жилд буюу 2019-2023 оны туршид хөдөөгийн 13 сумын 3650 ахмад настныг хамруулаад байгаа юм. Мөн Чойбалсан хотын нийтийн тээврээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үнэ төлбөргүй зорчуулах үйлчилгээг 2014 оноос эхлүүлэн хэрэгжүүлж байна.