Аймгийн Засаг даргаас "Залуус”, “Арван мянгат” хорооллууд болон орон сууцны 4 дүгээр байруудын дулаан хангамж муу байна гэсэн иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу холбогдох байгууллагуудад үзлэг, хэмжилт хийх үүрэг, чиглэлийг өгсөн юм.
Энэ хүрээнд 11 дүгээр сарын 14-ний өдөр Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон нутаг дахь улсын байцаагч нар “Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК, “Дорнод Нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ-ын дулааны шугам сүлжээ, 2 дахь хэлхээний ашиглалтын байдал, “Залуус”, “10 мянгат” хороолол болон орон сууцны 4 дүгээр байруудын ус, дулаан дамжуулах төв, узель болон айл, өрхүүдэд ажиллалаа.
1. “Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-аас узель дээр ирж буй сүлжээний өгөх усны халуун, буцах усны халууны гадна агаарын температураас хамаарах сүлжээний графикийн дагуу ажиллаж байна.
2. “Залуус” хорооллын ус, дулаан дамжуулах төвийн суурилагдсан хүчин чадал ашиглалтын хэмжээндээ хүрэхгүй байгаагаас дулаан дамжуулалтын доголдол үүсч байна.
Тодруулбал дулаан дамжуулах төвийн суурилагдсан хүчин чадал нь 224 өрхийн 80мкв хүртэл талбайг халаах хүчин чадалтайгаар анх төлөвлөгдсөн боловч хорооллын өргөтгөл хийгдсэн хэсгийн айл өрхүүдэд дулаан хангамжийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаагаас шалтгаалан иргэд хувиараа даралтын насос суурилуулснаас болж бусад айл өрхүүдийн дулааны шугамын эргэлтэд доголдол үүсч, дулааны халаалтын температур, даралт унасан нөхцөл байдалтай байна.
Иймд “Залуус” хорооллын ус, дулаан дамжуулах төвийн халаалтын 2 дахь хэлхээний ялтсан бойлуур, өндөр даралтын насосны хүчин чадлыг нэмэгдүүлэх, дулааны шугамын ашиглалтын журам зөрчиж, зөвшөөрөлгүй нэмэлт насос суурилуулсан айл өрхүүдийн насосыг дулааны шугамаас салгуулж, дулааны тохируулга хийх шаардлагатай.
3. Хэрлэн сумын 7 дугаар багийн “10 мянгат” хорооллын ус, дулаан дамжуулах төв /ЦТП 50/-ын 2 дахь хэлхээний хэвийн бус ажиллаж байгаа автомат хаалтыг салган авч, туршилт тохируулга хийх шаардлагатай.
4. Хэрлэн сумын орон сууцны 4 дүгээр байрны хэрэглээний усны ялтсан бойлуурыг засварлах, саплон задлаж цэвэрлэх, хог шүүгчийг шинээр тавих зэрэг шуурхай арга хэмжээ авах шаардлагатай нөхцөл байдал үүссэн гэж дүгнэлт гарсан байна.