Долоо хоног бүрийн Даваа гарагийн аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд мэдээлэл танилцуулдаг.
Өнөөдөр /2023.11.27/ шуурхай хуралдаанаар “Ачаа, зорчигч тээврийн үйл ажиллагааны талаар Авто тээврийн үндэсний төвийн Авто тээврийн хяналтын мэргэжилтэн Э.Батхүү, Өвөлжилтийн талаар цаг үеийн мэдээлэлийг “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-ын дарга Б.Гэрэлт-Од нар танилцуулав.
Дээрх мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл дараах үүрэг чиглэлийг өгөв. Үүнд :
1.Аймгийн төвийн хатуу хучилттай авто замын даацын хязгаарлалтад MNS4598:2020 стандартыг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Авто тээврийн үндэсний төв, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Хэрлэн сумын Засаг дарга дарга нарт,
2.Цас их орсонтой холбогдуулан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэсгийн удирдамжийг холбогдох байгууллагуудыг оролцуулан батлуулахыг аймгийн Авто тээврийн үндэсний төвийн даргад, улс, орон нутгийн чанартай авто зам болон, сум хоорондын зорчих хөдөлгөөний аюулгүй байдал, авто замын ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангаж, хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга нар, аймгийн Авто тээврийн үндэсний төв, “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-ын даргад,
3.Албан байгууллага, аж ахуйн нэгж бүр байгууллагын эргэн тойрны 50 метр хүртэлх талбайн цас, мөсний цэвэрлэгээг хуваарийн дагуу хийж байгаад хяналт тавьж ажиллахыг Хэрлэн сумын Засаг даргад,
4.Сумдад өвөлжилтийн бэлэн байдлыг хангасан эсэхэд хяналт тавьж ажиллах ажлын хэсгийг холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулан байгуулж, удирдамж батлуулж ажиллахыг аймгийн Засаг даргын дэргэдэх Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад тус тус үүрэг болгов.