Өнөөдөр /2023.12.01/ Дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг 1988 оноос хойш өдгөө 35 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж эл өдөр Дорнод аймагт “Олон нийтийн манлайллыг дэмжье” уриан дор нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Нээлтэд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ХӨСҮТ-ийн дэд захирал О.Батбаяр нар оролцов.
Тус уулзалтад Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, Хэнтий Сүхбаатар, Дархан, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Дорнод аймгийн сум өрхийн ЭМТ болон БОЭТ-ийн төлөөллүүд нийт 60 гаруй хүн оролцож байгаа юм.
Дорнод аймаг нь 2013 оноос эхлэн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг үе шаттай хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал зорилтот бүлгийн иргэдэд бэлгийн замаар дамжих халдварыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээг хийж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч сургалт, нөлөөллийн ажлыг тасралтгүй зохион байгуулсаар ирсэн.
Түүнчлэн “Эрүүл эмэгтэй”, “Эхчүүдээ хайрлая” “Элэгний В вирусгүй нярай”, “Вируст гепатит элэгний хавдрыг эрт илрүүлэх”, сайн дурын дархлаажуулалтыг эрчимжүүлэх, “Эрүүл оюутан”, Сүрьеэ өвчний тархалтыг бууруулах зэрэг төслүүдийг хэрэгжүүлж байна.