Долоо хоног бүр удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл танилцуулдаг.
Өнөөдөр /2023.12.11/ Татварын хэлтсийн дарга С.Бямбарагчаа “Татварын скоринг”, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа Томуу, томуу төст өвчний халдварын нөхцөл байдлын талаар тус тус мэдээлэл танилцуулав.
Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл цаг үеийн мэдээлэлтэй холбогдуулан дараах үүрэг даалгаврыг өгөв.
Үүнд:
1.Шинэ жилийн баярын арга хэмжээ эхэлж, үйлчилгээний газруудад иргэд олноор үйлчлүүлж байгаатай холбогдуулан Хэрлэн сумын онцгой комиссыг хуралдуулж томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай хэрэгжүүлж ажиллахыг Хэрлэн сумын Засаг даргад, сургууль, цэцэрлэгүүдийн эмчийн орон тоо бүрэн эсэхэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, шинжлэх ухааны газрын даргад, зөвлөмж мэдээллээр хангаж ажиллахыг Эрүүл мэндийн газарт,
2. Аймгийн Онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг тухай бүр хэрэгжүүлж ажиллахыг Онцгой комиссын хуралдаанаас үүрэг чиглэл авсан байгууллагын дарга нарт,
3.Аймгаас сумд руу зорчих замыг цэвэрлэх хуваарь гаргаж батлуулахыг аймгийн Засаг даргын дэргэдэх Бүсийн төв, аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Авто тээврийн үндэсний төвийн дарга нарт тус тус даалгав.