Дорнод аймгийн Онцгой комиссын хуралдаан 2024.01.02-ны өдөр боллоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн дараах үүрэг даалгаврыг өгөв.
Үүнд:
1. Оторлож байгаа болон ганцаараа хөдөө мал маллаж байгаа эрэгтэйчүүдийг 1 дүгээр ээлжид буюу 4, 5 дугаар сард багтааж эрүүл мэндийн үзлэгт хамруулахыг Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа,
2. Улсын нөөцөөс хямдралтай үнээр борлуулах 60тн малын тэжээлийг мэргэжлийн байгууллагуудын санал болон малын тоо толгой, цас, зуд бэлчээрийн даацын нөхцөл байдалд нийцүүлэн зорилтот бүлгийн малчин өрхүүдэд тэгш хүртээмжтэй хуваарилах талаар шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулахыг Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, Д.Мөнхбаяр,
3. Улсын нөөцөөс хямдралтай үнээр тэжээл борлуулахтай холбогдуулан аймгийн аюулгүйн нөөцийн 70тн тэжээлийг 3 хувааж эхний ээлжид 30тн хивгийг Улсын нөөцөөс борлуулах хямдралтай тэжээлтэй адил үнээр тооцож сумдад хуваарилах, “Цагаан зуд”, “Цагаанаар зудархуу” сум, багийн малчид болон аймаг, сумын төв орчмын амьжиргааны хэмжээний цөөн тооны малтай малчин өрхүүдийн судалгаа тооцоог гаргаж тус судалгаанд үндэслэн хуваарь гаргахыг Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, Д.Мөнхбаяр, Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн дарга, Г.Гарамхишиг нарт,
4. Хямдралтай үнээр тэжээл борлуулахтай холбоотойгоор сум бүр хяналт тавих ажлын хэсэг байгуулах тухай сумын Засаг даргын захирамж гаргаж ажиллах талаар чиглэл өгөх албан бичиг боловсруулж хүргүүлэх, амьжиргааны баталгаат түвшинээс доогуур орлоготой, бэлчээрийн хомстолтой, хүн хүч муутай малчин өрхүүдэд тэгш хүртээмжтэй хүргэж ажиллах талаар хяналт тавих, олон нийтэд мэдээлж ажиллахыг Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Мөнхбаяр болон Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, тээвэрлэлт,ханган, нийлүүлэлтэд хяналт тавих ажлын хэсэгт,
5. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хүндрэлтэй нөхцөлд ажиллах хүн хүч, машин техникийн судалгааг гаргаж энэ долоо хоногт багтаан танилцуулахыг Аймгийн Тагнуулын газрын дарга, Б.Бямбаа, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, О.Ганзориг нарт
6. Байршил тогтоох “what3words” 3 үгт хаяг аппликейшнийг суурилуулах ажлыг эрчимжүүлж, сумын Онцгой комисс, малчид, иргэдэд үе шаттай сургалт зохион байгуулах, хөдөө албан ажлаар явах үед удирдамжид заавал 3 үгт хаяг аппликейшнийг сурталчлах, мэдээлэл түгээх талаар заалт оруулах, олон нийтэд таниулах, ашиглуулж хэвшүүлэхийг Зүүн бүсийн төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Нармандах, Онцгой комиссын гишүүдэд тус тус үүрэг, чиглэлийг өглөө.
Дорнод аймгийн Онцгой комисс