Долоо хоног бүр аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд мэдээлэл танилцуулдаг.
Өнөөдөр (2024.02.05) шуурхай хуралдаанаар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль” (шинэчилсэн найруулга), "Сар шинийн өнгө” үзэсгэлэн худалдааны талаар аймгийн Орон нутгийн өмчийн газар, Жижиг дунд, үйлдвэрлэлийг дэмжих төвөөс тус тус мэдээлэл танилцуулав.
Дээрх мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн дараах үүрэг чиглэлийг өгөв. Үүнд :
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон зарлагдаж байгаа ажлын талаар олон нийтэд мэдээлэл хүргэхийг нийт агентлагийн даргад,
2. “Сар шинийн өнгө” үзэсгэлэн худалдааны өдрийн цагийн хуваарийг уртасгаж, 8-нд өдрийг хүртэл сунгах талаар судалж танилцуулахыг Жижиг дунд, үйлдвэрлэлийг дэмжих төвд,
3. Аймгийн Онцгой комисс хуралдахтай холбогдуулан Өвс тэжээлийн дэмжлэг үзүүлсэн гүйцэтгэлийн мэдээллийг бэлтгэж танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуйн газарт,
4. Өвөлжилт хүндэрсэн сумдад хөрөнгө гаргаж дэмжлэг үзүүлэх талаар судалж танилцуулахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хүнс хөдөө аж ахуйн газарт,
5. Дэлхийн Зөн ОУБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа дэмжлэгийн талаарх мэдээллийг танилцуулах,мөн Халхгол, Матад, Гурванзагал суманд дэмжлэг үзүүлэх ажлыг хариуцан зохион байгуулахыг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газарт,
6. Аймгийн хэмжээнд борлуулагдаж буй өвс тэжээлийн үнэ болон импортоор малын тэжээл оруулж ирэх үнэ, тээвэрлэлтийн зардлыг судалж танилцуулахыг аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст,
7. Нөөцөлсөн махны судалгааг гаргаж, мэдээлэл танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуйн газарт,
8. Малын хорогдлын талаарх мэдээллийг сум тус бүрээр танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуйн газарт,
9. “Отрын штаб” байгуулж хэрэгжүүлсэн ажил, түүний үр дүнгийн талаар мэдээлэл танилцуулахыг аймгийн Отрын штабт,
10. Гурван тонноос дээш шатахуун олгох боломжтой зөөврийн цэнэглэгч машин ажиллуулах талаар судалж танилцуулах,
11. Малын сэг зэм устгах ажлын бэлтгэл хангаж ажиллахыг бүх сумын Засаг даргад,
12. Сумын аюулгүй нөөцөд байгаа өвс тэжээлийг гаргаж малчдадаа олгохыг бүх сумын Засаг даргад тус тус даалгав.