Дорнод аймгийн Мал аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 91 хувьтай явж байгаа бөгөөд ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажилтай танилцаж аймгийн “Өвөлжилт хаваржилтын бэлтгэл хангах ажлын хэсэг”-ийг хуралдуулж, үүрэг чиглэл өглөө. Хуралд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Батсайхан болон холбогдох агентлаг, хэлтсийн дарга нар оролцож өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн юм. Дорнод аймагт 2019-2020 онд 14 сумын 67 багийн 5094 малчин өрхөд 2.495.499 толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 5.1 сая толгой мал өвөлжинө. Мөн Хилийн зурвас бүс нутагт өвөлжих 119 өрхийн хонин толгой шилжүүлснээр 145.734 толгой мал, Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 314 өрхийн хонин толгой шилжүүлснээр 440.973 толгой мал өвөлжиж, хаваржих төлөвтэй байна.