Эмгэнэл

9 сар
Эмгэнэл
ЭМГЭНЭЛ
 
ХАС ОВОГТ ЦЭВЭГСҮРЭНГИЙН ЖАНЛАВ
(1959-2024)
 
Бидний дундаас нэгэн эрхэм хүмүүн хайртай дотны бүхнээ орхин эрхсийн од харвах адил тэнгэрийн оронд одлоо.
 
Олныг түүчээлж, хэн бүхнийг сурах хөгжих суурийг нь тавихад сэтгэл зүрхээ зориулж ирсэн түүний ач тусыг бахархан дурсаж бас эмгэнэн гашуудаж байна.
Дорнод аймгийн Засаг дарга асан, төр, захиргааны ахмад зүтгэлтэн Цэвэгсүрэнгийн Жанлав Аргын тооллын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, хань, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгч бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
 
Тэрээр 1959 оны 7 дугаар сарын 12-нд Хэнтий аймгийн Галшар сумын нутаг Дашдэмбэрэлийн Сайн усны дэнж хэмээх газар төржээ.
1982 онд тэр үеийн Зөвлөлт холбоот улсын Одесса хотын Үйлдвэр технологийн дээд сургуульд хөргөлтийн механик инженер мэргэжил эзэмшиж, ажил хөдөлмөрийн гараагаа Чойбалсан хотын Махкомбинатаас эхэлж төр, захиргаа, улс төрийн намын үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр ухамсарт амьдралаа бүрэн зориулсан онцгой хүндтэй, алдар гавьяатай нэгэн байлаа.
 
1982-2004 онд Чойбалсан хотын Махкомбинатад хөргөлтийн механик, Ерөнхий механик, Ерөнхий инженер, Дарга, Дорнод хувьцаат компанийг үүсгэн байгуулагч, захирал, Эс Жи Группийн Дорнод компанийн захирал, 2004-2013 онд аймгийн Засаг дарга, аймгийн Монгол Ардын Намын хорооны даргаар тус тус ажиллаж байгаад 2018 оноос гавьяаны амралтаа эдэлж байв.
 
Түүний хийж бүтээсэн хөдөлмөр зүтгэл, байгуулсан гавьяаг төр засгаас үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,
Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль,
Их монгол улс байгуулгагдсаны 800 жилийн ой,
Үндэсний Олимпын хорооны “Алтан од”, АХ-ын 80,90,100 жилийн ойн медаль
Боловсрол, биеийн спорт, хөдөлмөрийн салбарын болон аймаг, хотын тэргүүний ажилтан, цол тэмдгээр тус тус шагнажээ.
Мөн МАХН, МАН-ын их хурал, онц хуралд төлөөлөгч, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, Аймгийн МАН-ын дарга, тэргүүлэгчээр удаа дараа сонгогдон олны итгэлийг хүлээж байсан.
Ц.Жанлав нь ажил амьдралдаа туйлын нягт нямбай ханддаг, удирдан зохион байгуулах, тэргүүлэх манлайлах, зааж зөвлөх арга барил сайтай, амьдралын үнэтэй сургамж хэлдэг, нэр хүндтэй, даруу төлөв, уужуу тайван, зарчимч, өөдрөг бодол сэтгэлтэй, хүнлэг энэрэнгүй нэгэн билээ.
Тэр ямагт аймаг орон нутаг, зон олныхоо төлөө аливааг бодитоор бүтээн цогцлоож, дайчин шургуу эрч хүчтэй хөдөлмөрлөж байв.
Ц.Жанлав өрх гэр, ураг төрлийнхөө өмөг түшиг, хүний сайн хань, үр хүүхдийнхээ хүндтэй аав, ач, зээ нарынхаа хайртай өвөө, анд нөхдийн дотно зөвлөгч, ард олондоо үнэлэгдэж хүндлэгдсэн, манлайлагч, шилдэг удирдагч байлаа.
Бидний хүндэтгэлийг хүлээсэн түүний гэгээн дүр, ажилч хичээнгүй хөдөлмөрч, цэгц шулуун шударга, тусархаг, нөхөрсөг, зан чанар, сургаал, эелдэг харилцаа энэ бүхэн Дорнод тал нутгийн зон олон, хамтран ажиллаж байсан үе үеийнхэн, найз нөхөд төрөл төрөгсөд, үр хүүхдүүд, бид бүхний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдэж, үеийн үед бахархан дурсагдсаар байх болно.
ТАЛИЙГААЧИЙН ХАНЬ, ҮР ХҮҮХЭД, ТӨРӨЛ ТӨРӨГСӨД, ХАМТ ОЛОН НАЙЗ НӨХДӨД ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ
ДОРНОД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА, АЖЛЫН АЛБА, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО, ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛ