Өнөөдөр /2024.10.17/ Монгол Улсын Аварга тариаланч С.Энхтулга алимны модыг өвөлд бэлтгэх, цэнэг усалгаа хийх талаар “Жимсний мод тариалъя” төсөлд хамрагдсан айл өрх, иргэдэд сургалт хийж, Хэрлэн сумын 11 багийн 50 иргэн оролцлоо.
Аймгийн Засаг даргын санаачилгаар 2023 оноос эхлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Жимсний мод тариалъя” төслийг Чойбалсан хотноо өрхийн тариалангийн үйлдвэрлэлд тулгуурлан хүн амыг эрүүл, чанартай хүнсний ногоогоор ханган, жимс жимсгэний хэрэглээний дотоодын хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Мөн өнгөрсөн онд шалгуур үзүүлэлт хангасан иргэн, аж ахуй нэгжид тухайн сум, багийн ажлын албаар дамжуулан 6350 ш жимсний модыг 14 сумын 399 айл өрхөд үнэгүй олгосон бол энэ онд 3350 ш торниун, бэсрэг алимны модны тарьцыг олгоод байна.