БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ “ЭРДЭМ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

1 долоо хоног
БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ “ЭРДЭМ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
 
Манай аймаг боловсролын чанарыг дээшлүүлэхэд уламжлалт сургалтын арга зүйг дэвшилтэт техник технологитой хослуулан хэрэгжүүлэх, салбарын гадаад, дотоод харилцааг бэхжүүлэх, багшийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлж, тэдний нийгмийн асуудлыг сайжруулах зорилгоор “Эрдэм” хөтөлбөрийг 5 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд Багшийн туслах” төсөл, “Цэцэрлэгийн багш”, “Бага ангийн багшийг дэмжих”, болзолт уралдаануудыг амжилттай зохион байгуулж байгаагаас гадна багш нар модуль болон ажлын байрны сургалтад 100 хувь хамрагдаад байна.
Мөн Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын орчин, багш нарын ажиллах нөхцөл, техник хэрэгслийг нэмэгдүүлэх чиглэлээр багш, суралцагчийн ширээг шинэчлэх, багш нарын компьютерийн хангалт, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг аймаг, сум, орон нутгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, 13 сумын Ерөнхий боловсролын сургуульд 189 багш, 1080 сурагчийн ширээ, 2160 сурагчийн сандал, 305 зөөврийн компьютерийг хүлээлгэн өгчээ.
Үүнээс гадна хөтөлбөрийн хүрээнд цахим платформд суурилсан багшийн мэргэшлийн болон мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалтад 1600 гаруй багшийг /давхардсан тоогоор/ хамруулах, төрийн албан хаагчдын ёс зүйн хуулийн танилцуулга мэдээллийг 33 цэцэрлэгийн 600 гаруй багш, удирдах ажилтан, албан хаагч, 26 сургуулийн 1200 албан хаагчдад өгөх, Бүгд Найрамдах Солонгос Улсад Хэрлэн сумын 8, Халхгол сумын ерөнхий боловсролын сургууль, боловсролын газрын арга зүйчдийн төлөөлөл, Холбооны Бүгд Найрамдах Герман улсад Насан туршийн суралцахуйн төвийн захирал туршлага судлуулах, "Зөвлөх багшийн манлайлал" үйл ажиллагааг 1 сарын турш зохион байгуулж, сургалт, арга зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаад байна.