БНХАУ-ААС МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН-ҮҮДЭД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

1 сар
БНХАУ-ААС МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН-ҮҮДЭД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Цолмон, Засаг даргын орлогч Ш.Ёл болон холбогдох албан тушаалтнууд БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий Консул Кэ Юушэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, ажил хэргийн уулзалт хийлээ.
Энэ үеэр манай аймгийн зүгээс цаашид БНХАУ-аас Замын-Үүдэд суух Ерөнхий консулын газартай дараах чиглэлүүдэд түлхүү хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Үүнд:
1.Хавирга-Архашаат, Сүмбэр -Рашаан, Баянхошуу-Өвдөг боомтуудаар иргэдийг 8-аас доош тооны суудалтай жижиг оврын автомашинаар нэвтрүүлэх боломжийг бий болгоход дэмжин хамтран ажиллах;
2.Хавирга-Архашаат, Баянхошуу-Өвдөг боомтуудаар амралтын өдрүүдэд зорчигч хилээр нэвтрэх боломжийг бүрдүүлэх тухай хүсэлтийг холбогдох шатны байгууллага, удирдлагад уламжлах,
3.Боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж БНХАУ-ын шилдэг их дээд сургуулиас туршлага судлах, мэргэжил дээшлүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах.
4.Оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх.
5.Эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг БНХАУ-д туршлага судлах урт, богино хугацааны сургалтад хамруулахад хамтран ажиллах;
6.Дорнод аймгийн харьяалах боомтуудаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон байгалийн хадлан тэжээл экспортлох боломжийг дэмжиж хамтран ажиллах;
7.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, туршлага судлах чиглэлээр дэмжиж ажиллах;
8.Монгол-Хятадын хил дамнасан бүс нутгуудын аялал жуулчлалын форум, худалдаа эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуйн үзэсгэлэн яармагийг хамтран зохион байгуулах.
9.Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэхэд туршлага судалж хамтран ажиллах зэрэг саналыг дэвшүүллээ.
БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий Консул Кэ Юушэний удаагийн айлчлал нь БНХАУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Хятад-Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жилийн ой болон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байгааг дурдан дээрх саналуудаас хоёр талаараа ижил төстөй ажлууд дээр хамтран ажиллаж, бусад саналуудыг ажил хэрэг болоход анхаарч дээд шатны байгууллагууддаа албан бичгээр хандаж дэмжиж ажиллахаа илэрхийллээ.