Өнөөдөр /2024.11.29/ аймгийн Онцгой комиссын 20 дугаар хуралдаанд цаг үеийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Зүүн бүсийн төв Онцгой байдлын газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Хүнс, хөдөө аж ахуйн газар, ДБЭХС” ТӨХК, Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮГ зэрэг байгууллагууд мэдээлэл танилцууллаа.
Мэдээлэлтэй холбогдуулж аймгийн Засаг дарга буюу аймгийн Онцгой комиссын дарга Ш.Ёл дараах үүрэг чиглэлийг өглөө.
1. Өвөлжилт хүндэрсэн үед зам гаргах техник тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг бүх суманд хангуулах чиглэлээр газар дээр нь очиж танилцах, отор нүүдлийн газрын зураглал яаралтай гаргуулах, өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлж, агуулахад бүрэн төвлөрүүлсэн эсэхэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад,
2. Цаг агаар олон жилийн дунджаас дулаан байгаагаас шалтгаалж гол, нуурын ус бүрэн хөлдөөгүй байгаа тул гол, усны ойр орчимд аливаа үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх, гүүргүй газраар зорчих хөдөлгөөнийг хориглохыг Онцгой байдлын газрын даргад,
3.Иргэдийг дээрх чиглэлийн мэдээллээр ханган ажиллаж сэрэмжлүүлэг мэдээг хүргүүлэх, гол усны эрэг болон ойр орчимд эргүүл гаргаж ажиллуулахыг аймгийн Цагдаагийн газрын даргад,
4. Эрсдэлтэй бүсэд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалт, аливаа үйл ажиллагаа зохион явуулахгүй байх шийдвэрийг хангуулж ажиллахыг аймгийн Боловсролын газрын даргад,
5. Аливаа эрсдэлт нөхцөл үүсэхээс сэргийлж цаг агаарын мэдээг урьдчилан мэдээлж байхыг Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргад,
6. Эрчим хүч үйлдвэрлэлийг тасралтгүй хангаж, нүүрсний аюулгүйн нөөцийг бүрдүүлсэн талаарх мэдээллийг 14 хоногийн дараа албан бичгээр ирүүлэхийг ДБЭХС ТӨХК-ийн удирдлагад,
7. Ивээл хороолол /СМУ/ болон гадна инженерийн шугам сүлжээтэй газруудын шугам хөлдөх, гэмтэх асуудлыг анхааран ажиллаж, халаалт дулааны асуудлаарх иргэдийн санал гомдолд шуурхай хариу өгч байх, засварчин, гагнуурчны хүрэлцээг хангаж ажиллахыг Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮГ-ын даргад тус тус үүрэг болголоо.