Аймгийн Засаг даргын 2024 оны А/01 дугаар захирамжаар аймгийн Орон нутгийн өмчийн газар нь 2024 оныг “Цахим бүртгэл дахь ашиглалтыг сайжруулах жил” болгон зарлаж, “Төрийн өмчийн тооллогын систем”-ийн ашиглалтад энэ онд хяналт, шинжилгээ үнэлгээ хийгээд байна.
Тус газар нь аймгийн хэмжээний орон нутгийн өмчийн байгууллагуудын 2024 оны “Өмч эзэмшлийн гэрээ”-г 11 дүгээр сард дүгнэж ажилласан бөгөөд эдгээр ажлын үр дүнгийн мөрөөр өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байна.
Уг сургалтад аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, сумдын төрийн захиргааны болон төсөвт байгууллагууд, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар зэрэг нийт 160 орчим байгууллагын удирдлага болон хөрөнгө хариуцсан ажилтан, өмч хамгаалах байнгын зөвлөлийн дарга, гишүүд гэх мэт нийт 300 орчим албан хаагч оролцож байна.
Аймгийн Орон нутгийн өмчийн газар нь агентлаг, байгууллага, сумдын төрийн захиргааны болон төсөвт байгууллагууд, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, сангууд зэрэг нийт 203 байгууллага, нэгжийн 369.6 тэрбум төгрөгийн хөрөнгийн удирдлага зохион байгуулалт, бүртгэл, ашиглалт, хамгаалалттай холбоотой харилцааг удирдлага зохион байгуулалт болон мэргэжлийн арга зүйгээр ханган ажилладаг юм.