Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны тавдугаар сарын 28-ны өдрийн тушаалаар Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 0249 дүгээр салбар (Чулуун худгийн застав)-ыг хошууч генерал Лодойн Намсрайн нэрэмжит болгох ёслолын үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.
Уг үйл ажиллагаанд Генерал сангийн тэргүүн, бригадын генерал Д.Ганбаатар, ХХЕГ-ын Сэтгэл зүйн хангалтын хэлтсийн дарга, хурандаа Ж.Цолмон, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөмөр, Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Баянтүмэн сумын Засаг дарга Э.Нарангарав, Хошууч генерал Лодойн Намсрайн охин, бэлтгэл ахмад Н.Эрдэнэхишиг, Хошууч генерал Лодойн Намсрайн хүү Н.Эрдэнэчулуун агсны гэргий, бэлтгэл дэд хурандаа П.Чулуун болон баатрын ач, зээ, тус ангийн ахмад хилчид, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0249 дүгээр салбарын бие бүрэлдэхүүн оролцлоо.
Энэ үеэр хошууч генерал Лодойн Намсрайн нэрэмжит салбарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөж, түүний хүндэтгэлийн танхимыг олон нийтэд танилцуулан баатрын алдар гавьяаг мөнхжүүллээ.
Мөн Хилийн цэргийн 0249 дүгээр салбарын шинэ байрны үйл ажиллагааг албан ёсоор нээсэн нь хилчдийн ажиллаж, амьдрах орчныг сайжруулсан ажил боллоо.
Хошууч генерал Лодойн Намсрай нь 1919 онд Өвөрхангай аймгийн Шанх сумын нутагт малчин ардын гэр бүлд төржээ.
Тэрээр 1938 онд Дотоод явдлын яамны төв сургууль, 1947 онд ЗХУ-д цэргийн академийг төгссөн юм.
Тэрээр 1941-1952 он хүртэл Дотоод явдлын яамны төв сургуульд багш, захирал, штабын дарга,1953-1964 онд Улаанбаатар төмөр зам, 1964-1970 онд БНМАУ-ын Батлан хамгаалах яаманд хариуцлагатай ажил хийж байгаад 1970 оноос Хязгаарын ба Дотоодын цэргийн хэрэг эрхлэх газрын орлогч даргаар ажиллаж иржээ.
Түүний хөдөлмөр, зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж БНМАУ-ын байлдааны гавьяаны одон, “Алтан гадас” одонгоор хоёр удаа тус тус шагнаж байв.
Түүнчлэн хоёр удаа байлдааны медалиар шагнуулснаас гадна ЗХУ-ын Улаан таван хошуу одон, бусад медалиар шагнагдаж байжээ.