ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛД ОНЦГОЙ АНХААРЧ АЖИЛЛАНА

2 хоног
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛД ОНЦГОЙ АНХААРЧ АЖИЛЛАНА
Өчигдөр буюу 2024.12.16-ны өдөр өсвөр насны охидын зохисгүй үйлдэл гаргаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан.
Тухайн асуудлаар аймгийн Засаг дарга Ш.Ёл, Хэрлэн сумын Засаг дарга С.Мөнхжаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Нарангэрэл, Цагдаагийн газар, Боловсролын газар, Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газар болон тухайн сурагчдын сурдаг сургуулийн захиралтай уулзлаа.
Тэрээр, үе тэнгийн дээрэлхэлт нь цахимд тавигдсан уг бичлэгээр ил харагдаж байгаа боловч далд ямар хэмжээнд байгааг бид мэдэхгүй. Тиймээс хүүхэд хамгааллын байгууллагууд болон сургууль, багийн хамтарсан багууд тус тусын хариуцсан ажлаа онцгой анхаарч, хянамгай ажиллахыг анхааруулав.
Мөн дараах үүрэг, чиглэлийг өглөө.
1. Цэцэрлэг , сургуулийн "Хүүхэд хамгааллын баг"-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх.
2. Сард тогтмол 1-2 хуралдаж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар анги удирдсан багш, нийгмийн ажилтантай мэдээлэл солилцох.
3. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сургалт, нөлөөллийн ажлыг эрчимжүүлж ангийн багш нар, эцэг эхийн зөвлөлөөр дамжуулан хийх.
4. Тамхины хор хөнөөл, электрон тамхи татахын эсрэг аймгийн ИТХ-ын даргын тогтоолын хэрэгжилтийг анхаарах.
5. Дунд, ахлах ангийн сурагчдад сэтгэлзүйн ганцаарчилсан болон сэтгэлзүйн бүлгийн сургалтыг тогтмолжуулах.
6. Орчны эрсдэлийг бууруулах чиглэлээр гэрээс-сургууль-гэр хүртэлх аюулгүйн зураглал, зураглалаас гарсан нэгтгэл дүгнэлтийг гарган сумын багийн Засаг дарга нартай хамтран ажиллах.
7. Эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, эргүүлийн дэвтэр хөтлөлт хийх.
8. Хувийн цэцэрлэг, сургуулиудын "Хүүхэд хамгааллын баг"-ийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах, нийгмийн ажилтан сэтгэлзүйч ажилладаг эсэх мэдээллийг тодорхой гаргах.
Түүнчлэн үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн болон үйлдсэн хүүхдүүдэд учирч болох нийгмийн эрсдэлээс хамгаалах, сургуулийн хүүхэд хамгааллын багийг ажиллуулах, эрчимжүүлэх, иргэд олон нийтэд үнэн бодит мэдээллийг түгээх, цаашид сум орон нутгийн зүгээс болон бүх шатны хүүхэд хамгааллын байгууллагыг өсвөр насны хүүхдүүдийн хөгжил хамгаалалд онцгой анхаарч ажиллахыг даалгалаа.