Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай

4 хоног
Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 27

Төрийн ордон, Улаанбаатар хот

Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.5 дахь заалт, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр" /цаашид "Хөтөлбөр" гэх/-ийг хавсралтаар баталсугай.

2.Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагаа, арга хэмжээг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7, 6.8, 6.9 дэх хэсэгт заасны дагуу үндсэн чиглэл, хөтөлбөр, төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Ёс зүйн хороо, Засгийн газрын, төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хороо, бүх шатны томилох эрх бүхий албан тушаалтанд тус тус даалгасугай.

3.Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Ёс зүйн хороо /Ц.Амартөгс/-нд үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо /Б.Баттөмөр/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР