Аймгийн Засаг дарга, түүний тамгын газар, аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, аймгийн Ажил олгогч Эздийн холбоодын харилцаа хамтын ажлыг зохицуулах зорилгоор Дорнод аймгийн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хамтын гэрээг 2 жил тутамд байгуулан ажиллаж байгаа бөгөөд 2025-2027 оны гурван талт хамтын хэлэлцээрийг өнөөдөр байгууллаа.
Хэлэлцээрт төрийн захиргааны байгууллагыг төлөөлж Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл, аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Нарангэрэл, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Н.Базаррагчаа, ажил олгогчдыг төлөөлж аймгийн Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Р.Жаргалсайхан, тэргүүлэгч Ц.Батбаатар, Г.Наранчулуун, ажиллагсдыг төлөөлж аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Баатарсүх, тэргүүлэгч Б.Болортөгс, Д.Гүнсмаа нар гарын үсэг зурж, албажууллаа.
Уг хэлэлцээр нь Дорнод аймгийн хэмжээнд иргэдийн амжиргааны түвшинг сайжруулан аюулгүй таатай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлмөрийн харилцаа түүнтэй холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган иргэдийн хөдөлмөрийн үнэлэмж, орлогыг нэмэгдүүлэх, иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх язгуур эрх ашгийг хамгаалах, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Монгол Улсын Засгийн газрын Зохистой хөдөлмөр эрхэлтийг хангах бодлогыг хэрэгжүүлэх зохицуулалттай.