Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс санаачлан "Дорнод Хүүхэд-Эрдэнэ“ хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Энэхүү үйл ажиллагаанд,“Хүүхэд-Эрдэнэ” хүүхэд хамгааллын төслийн санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, Засаг дарга Ш.Ёл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын дарга М.Цогтбаатар, төслийн зохицуулагч, Хүүхдийн төлөө зөвлөлийн Үндэсний гишүүн Д.Ундраа болон нийт сум, багийн Засаг даргаар ахлуулсан хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг 24 хамтарсан багийн 240 гаруй хүн оролцож байна.
Уг төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт 14 сумын 24 хамтарсан багт хохирогчид үйлчилгээ үзүүлэх хувийн хэргийн бүрдэл бүхий кейс файлын дэвтэр, кейс хадгалах шүүгээ, дуу хураагуур, мэдээллийн самбар зэрэг шаардлагатай зүйлсийг хүлээлгэн өгч, өнөөдрийн байдлаар 836 иргэнд кейс файл нээн журмын дагуу ажиллах, хувь хүний нууцыг хадгалах орчин, нөхцөлийг бүрдүүлээд байна.
Мөн аймгийн 24 хамтарсан багт ажлын байран дээр 2, танхимаар 4, цахимаар 3 удаагийн чадавхжуулах сургалтыг зохион байгуулж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг нэмэгдүүлэх зорилгоор 14 сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 1100 гаруй багш, 4121 хүүхэд, 1800 иргэн, аж ахуй нэгж, олон нийтэд сургалт, зөвлөмж, мэдээлэл хүргэн ажиллаж байна.
Өнөөдрийн зөвлөгөөнд нийт 10 сум хамтарсан багийн үйл ажиллагаа, үйлчилгээнд шаардагдах 1,000,0-12,000,0 төгрөгийн зардлыг сумын төсөвтөө тусган төслийг хэрэгжүүлж байгаа талаарх мэдээллээ танилцуулж байна.