Аймгийн Засаг даргын 2025 оны "Зөвлөлийн гишүүдийг шинэчлэн батлах тухай" А/68 дугаар захирамжийн дагуу аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүн өнөөдөр хуралдаж, зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойг Дорнод аймагт тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон ойн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төсөл, аймгийн "Оны Онцлох хүүхэд, баг хамт олон шалгаруулах болзол журам", "Аймгийн Хүүхдэд ээлтэй байгууллага, хүүхдийн төлөө сайн үйлстэн шалгаруулах болзол журам"-ыг тус тус хэлэлцэн баталлаа.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулж аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн бөгөөд Засаг дарга Ш.Ёл зөвлөлийн гишүүдэд дараах үүрэг чиглэлийг өглөө.
1. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны "Хүүхдийн эрхийг хамгаалах талаар зарим арга хэмжээ авах тухай" 41 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд аймгийн ИТХ-д мэдээлэл танилцуулж, шийдвэрийг төрийн бус байгууллага, сумдын Засаг дарга, шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд, олон нийтэд мэдээлэхийг аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт;
2. Боловсролын орчинд хүүхэд хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг Аймгийн Боловсролын газарт;
3. Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг сургалт, нөлөөллийн ажлыг тогтмол хийхийг аймгийн Боловсролын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт;
4. Улирлаас шалтгаалсан байгалийн үзэгдэлтэй холбоотой урьдчилан сэргийлэх ажлыг хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн байгууллагууд мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулахыг аймгийн Онцгой байдлын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Боловсролын газарт;
5. Хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудад /сургууль, цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайн тог цахилгаан г.м/ үзлэг зохион байгуулж, хүүхдийг болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг нийт сумын Засаг дарга нарт;
6.Хүүхдийн хөгжил, хамгааллын төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнд анхаарч ажиллах;
7. Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн зөвлөгөөнөөс гарсан санал, санаачилгын дагуу сумдын Хүүхдийн төлөө зөвлөл жилд 4 удаа хуралдаж, хүүхдийн асуудлаар шийдвэр гаргах, тайлагнахыг сумдын Засаг дарга нарт;
8. Хүүхдийн эрүүд мэндтэй холбоотой хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрт бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар сургалт нөлөөллийн ажлын хэрэгжилтэд анхаарч ажиллахыг аймгийн Эрүүл мэндийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт;
9.Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн хурлаар өгсөн үүрэг чиглэлийг шуурхай хэрэгжүүлж, тайланг тогтмол танилцуулахыг аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт тус тус чиглэл болголоо.