МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР МАЛЧДЫН САНАЛЫГ СОНСОЖ, ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

1 долоо хоног
МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР МАЛЧДЫН САНАЛЫГ СОНСОЖ, ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, У.Отгонбаяр, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат нар Дашбалбар сумын Харзат, Сэвсүүл Жараахай багийн иргэдэд УИХ-ын хууль тогтоомж, улс орны онцлог үйл явдал, Засгийн газрын мэдээллийг хүргэснээс гадна Малын Индексжүүлсэн даатгалын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбоотой мэдээллийг хүргэж, малчдын саналыг сонслоо.
Хуулийн төсөлд Даатгалын нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг хатуу хуульчилсан байгааг өөрчлөн газар зүйн болон цаг агаарын онцлогтой уялдуулж босго үзүүлэлтийг уян хатан тогтоож малын индексжүүлсэн даатгалын хамрах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгасан.
Мөн даатгалын нөхөн төлбөрийг гэрээний хугацаанд дараа жилийн намар буюу хохирол гарсны дараа олгодог байсныг өөрчилж нөхөн төлбөрийг хэсэгчлэн урьдчилан олгох шинэлэг зохицуулалтыг оруулж ирсэн. Ингэснээр малчдын амьжиргааны эх үүсвэрт дэмжлэг үзүүлэх, үргэлжлэн тохиолдож болзошгүй зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр МИД-тай холбоотой хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн юм. Ажлын хэсгийн зүгээс өргөн барьсан төслийн хүрээнд нэлээдгүй үр дүнтэй өөрчлөлт хийхийг гол зорилгоо болгож төлөвлөгөө, дэд ажлын хэсгийг байгуулан малчдын, иргэдийнхээ санал бодлыг нэгбүрчлэн сонсож явна.